Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Үхтлээ залхах атлаа үхэлгүй хоргодох амьдралын “хонх”

$
0
0

12423gfdsgf

1943 он. Герман улс Польш руу довтолсноор6 жил гаран үргэлжилсэн дэлхийн хоёрдугаар дайны дунд үе. 60 гаран сая буюудэлхийн хүн амын 2.5 хувь нь амь эрсдэж, 61 улс орон буюу хүн төрөлхтний 80 шахам хувь нь зэвсэг барин биесээ хядсан аймшигт он жилүүдэд бичиглэн үлдээсэн нэгний тэмдэглэл: “Энэ долоо хоногийн сүүлчийн өдрөөс эхлэн бид цаг хугацааг баримжаалах юмгүй болов. Яагаад гэвэл Вестертурмын хонх дуугарахаа больсон. Бодвол түүгээр их буу хийсэн бололтой. Ингээд л чухам хэдэн цаг болж байгааг мэдэхгүй боллоо. Хэдэн цаг болж байгааг чимээгээрээ хэлж, сайхан дуугаараа баясган, хоргодох нэртэй энэ харанхуй нүхэнд гэгээ татуулан хангинах ямархан нэгэн юм олдоно гэж би итгэсээр л…”

Зурвасхан уншихад энгийн өгүүлбэр мэт атлаа ухан бодвоос хүн гээч ертөнцийн дотоод оршихуйн тухай нандин бичээс ажээ. Юун түрүүнд цаг хугацаа ба амьдрал хоёрын ялгаа юунд буйг мэдэх гэж сэтгэе. Хүний амьдрал цаг хугацааг үүсгэдэг юм болов уу эсвэл цаг хугацаа хүний амьдралыг бий болгодог юм болов уу гэж та хаа нэгтэй бодож байсан уу? Яг л өндөг, тахиа хоёрын аль нь анхдагч вэ гэж хүн төрөлхтөн мэтгэдэг шиг…

Минийхээр бол цаг хугацаа гэгч балран мөхөшгүй мөнхийн чанартай эд. Харин амьдрал мөнх бус. Таны бодь бие, хийсвэр сэтгэхүй замран балрахад амьдрал зогсоно.Гэхдээ зөвхөн таны амьдрал.Яг л эцэс төгсгөлгүй урсах голын усанд хүн сөрж эсвэл дагаж сэлэх гээд ороод гардагтай адил. Үүнийг яг эсрэгээр нь тайлбарлах нийгмийн болон сэтгэлзүй судлаачид байдаг ч хүний ертөнц устаж, амьд оршихуй бүхний амьдрал мөхлөө ч одот огторгуйн цаг хугацаа цохилсоор л байх биз ээ.

Иймээс л амьсгалах мөчүүдийн нийлбэр өөрт оногдсон амьд явах хугацаагаа хүмүүс амьдрал гэж авгайлан нэрийддэг. Цаг хугацаа бол амьдрал учраас амьдралаа хайрлая гэвэл цаг хугацааг нандигнах учиртай. Ийнхүү бодол хөврүүлсээр дээрхи тэмдэглэлийг анхлан уншаад шууд л ийм нэгэн дүрслэл сэтгэлд буусныг уншигч ахай танд сонирхуулъя.

“Энэ долоо хоногийн сүүлчийн өдрөөс эхлэн бид амьдралыг баримжаалах юмгүй болов. Яагаад гэвэл зүрх сэтгэлийн минь “хонх” дуугарахаа больсон. Бодвол би түүгээрээ их буу хийчихсэн бололтой. Ингээд л чухам амьдрал минь юу гээч болж байгааг мэдэхгүй боллоо. Хүний амьдралын утга учрыг чимээгээрээ сануулж, сайхан дуугаараа баясган, үхтлээ залхах атлаа үхэлгүй хоргодох энэ харанхуй хорвоод гэгээ татуулан хангинах ямархан нэгэн юм олдоно гэж би итгэсээр л…”

Одоо та миний хэлэх гэсэн санааг гадарлаа биз ээ. Амьдрал дандаа шунан дурламаар, тэмүүлэн зүтгэмээр өдөр хоногуудаар дүүрэн гэж үү? Яг л тийм юм шиг амьдралд учиргүй их хайр зарлан, найр тавин яваа хүмүүсийг хааяа гайхдаг л юм. Хэт их өөдрөгтөө бус хичнээн их өрөвдөлтэйдөө ч тэгдэг юм билүү. Нэг мөчид шаналж, нөгөө мөчид сэргэж, ахиад л залхаж, дахиад л дурладаг амьдралд нийтлэг олон үнэт зүйл бий. Тэдгээрийн нэг нь бидний зүрх сэтгэлийн “хонх” билээ.

Зүрх сэтгэлийн “хонх” дуугарахаа байхад амьдрал гээч холионыг баримжаалах юмгүй болно. Тэгвэл чухам яагаад тэр “хонх” жингэнэхээ болидог юм бол? Бид хааяа хааяахан олон өнгөт амьдралын аашинд адлуулахдаа итгэлийн бяр, ухааны бяд дутсанаас тэр “хонх”-оороо их буу хийчихдэг. Өөр хэн нэгэн биш гагцхүү өөрсдөө бид хүйтэн зэвсэг дотооддоо үйлдвэрлэдэг. Хайр найргүй бүтээсэн тэр зэвсгээр хэн нэгнийг гишгэчин хэмхлэнэ гэж галладаг ч эцсийн дүндээ өөрөө өөр лүүгээ л харлаган сумыг хаа хамаагүй шүршчихсэн байх нь олонтаа. Үүнийг ялсан юм шиг жинхэнэ ялагдал гэхэд буруудахгүй.

Гагцхүү тэр “хонх” л хүний амьдралын утга учрыг чимээгээрээ сануулж, сайхан дуугаараа баясган, гэрэл гэгээг даллан дуудах ажээ. Үхтлээ залхах атлаа үхэлгүй хоргодох энэ харанхуй хорвоод гэрэл тусгах чийдэнгүй, галлан дулаацах очгүй байлаа ч “хонх”-ний чимээ гарч буй тэр зүгийг чиглэн гажихгүй зоривол туулах зам тань ямархан нэг утга учиртай, нандин бүхнээр дүүрэх нь бий. Харин хичнээн их гэрэл гэгээ, хайр хүндэтгэл, эд агуурс байгаад зүрх сэтгэл дэхь “хонх” л байхгүй бол бусад нь хумхын тоос мэт сарнин арилна.

Бид хүний хорвоод юу ч үгүй ирдэг шигээ буцахдаа ч юу ч үгүй буцдаг тул юуг алдана гэж айхав. Харин юуг үлдээж чадах вэ гэж л айх хэрэгтэй. Энэ амьдралд үлдээж чадах цөөхөн зүйлсийн нэг нь миний бичиглэн буй тэр “хонх” мөн. Бид ялагддаг, гутран гунидаг. Хааяа тэнцвэрээ олон алхах хөлийг минь ямархан нэг сөрөг хүчин дэгээдэж, гуд татан унагаадаг. Гэхдээ танд “хонх” бий. Зүрхэн туст газар тань голлон дэнжигнэх түүний чимээг хэрвээ та хүсвэл энэ хорвоо дээрхи хэнд ч сонсгож чадна.

Учир нь хүн төрөлхтөн нийтээр ганцхан тэр “хонх”-ны л чимээг дуу дуугаа аван сонсож, мэдэрч, хүндэлж, хайрлах увидастай. 7 тэрбум гаруй хүний ганц нийтлэг тал нь энэ билээ. Ингээд уншигч танаасэхний тэмдэглэл дэхь “…гэгээ татуулан хангинах ямархан нэгэн юм олдоно гэж би итгэсээр л!” гэсэн сүүлчийн хэсгийг мартахгүй байхыг хүсэмжилье. Хэрэв үргэлж нижигнэн байх учиртай тэр “хонх”тань аль эрт дуугарахаа больсон бол, зэвэрч зэвсэг болсон бол яг одооноос өнгөлөн тослоорой.

Жижигхэн цонхны булангаар сая сая хүмүүсийн үхэл, мянга мянган хүсэл мөрөөдлүүд мохож байхыг харан харанхуй нуувчинд амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг дагжин чичирч өнгөрөөсөн ч итгэл найдвар, хүсэл мөрөөдлөө алдаагүй 15-тай бяцхан охины зүрх сэтгэлийн “хонх”өдгөө ч хүн төрөлхтөнд сонсогдсоор байна. Тэр “хонх” бол амьдралын утга учир буюу зорилго тэмүүлэл билээ.

Т.Номин-Эрдэнэ



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>