Жирэмсний үед төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтаас болж хугацаанаасаа өмнө дутуу төрөх, бага жинтэй жижигхэн хүүхэд төрүүлэх зэргийн асуудлууд үүсдэг.
Төмөр бол эхийн болон хэвлий дэх ургийн хамгийн үндсэн хэрэгцээний нэг байдаг. Жирэмсний үед эхийн хэвлий дэх хүүхэд төрсний дараа хэрэглэх төмрөө хуримтлуулж байдаг ба нөгөөтэйгүүр жирэмснээс үүдэлтэйгээр эхийн биед цусны эзлэхүүн ихсэж, урагт цусаар хүчилтөрөгчийг дамжуулахын тулд их хэмжээний төмрийн хэрэгцээ үүсдэг байна.
Та үүнийг мэдэх үү?
- Амьтны гаралтай бүтээгдэхүүнд агуулагддаг төмөр нь хүнсний ногоо, хатаасан жимсэнд агуулагддаг төмрөөс илүү амархан, хурдан шимэгддэг.
- Мах иддэггүй эсвэл цагаан хоолтон жирэмсэн эхчүүд хоол хүнсээрээ дамжуулан авсан төмрийнхөө шимэгдэлтийг сайжруулахын тулд С аминдэмээр баялаг хоол хүнсийг нэмэлтээр хэрэглэх ёстой байдаг.
- Жирэмсэн эмэгтэй жирэмсний туршид хэдий сайн хоол хүнсэндээ анхаарсан ч гэлээ, төмрийн хэрэгцээгээ зөвхөн хоол хүнсээр хангалттай хэмжээнд авч чаддаггүй. Иймээс бүх жирэмсэн эхчүүдэд төмрийн бэлдмэл эм заавал уухыг зөвлөдөг.
- Төмрийн дутагдалд орсон жирэмсэн эхчүүдэд ядрах, анхааралт төвлөрөлт сулрах, арьс нүүр хувхайрах, царай алдах, үс унах гэх мэтийн өөрчлөлтүүд илэрдэг.
- Жирэмсний үеийн төмрийн дутагдлаас болж жирэмсэн эх хугацаанаасаа өмнө дутуу төрөх, бага жинтэй хүүхэд төрүүлэх зэргийн эрсдэл байдаг.
- Цус багадалттай жирэмсэн эхчүүдээс төрсөн хүүхэд бусад хүүхдүүдтэй харьцуулахад илүү өвчлөмтгий байдаг.
- Төмрөөр хамгийн баялаг хоол хүнсэнд өөхгүй мах, туна загас, элэг ордог.
- Жирэмсний үед шаардлагатай төмрийн хэрэгцээгээ нөхөхийн тулд өдөрт 30 мг төмрийн бэлдмэлийг уух ёстой.
Төмрийн хэрэгцээгээ хангахад анхаарах зүйлс:
Төмрийн бэлдмэл ууж буй жирэмсэн эхчүүдэд олон зовиур илэрдэг. Эдгээр зовиурууд нь бөөлжих, ходоод өвдөх, ходоодны дээд хэсэгт байнгын өвдөлт илрэх юм. Өдөрт ууж буй төмрийн хэмжээ ихсэх тусам энэ зовиурууд улам бүр нэмэгддэг. Төмөр нь өтгөн хатааж, бөөлжүүлдэг учраас аль болох хоолтой хамт төмрийн бэлдмэлээ ууж байвал уг зовиуруудыг багасгахад тус болно. Төмрийн бэлдмэлийн хойноос сайн ус уух хэрэгтэй. Сүү, кофе, цайтай хамт ууж болохгүй. Амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй ялангуяа цагаан хоолтон жирэмсэн эхчүүдэд төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт маш ихээр илэрдэг. Төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалттай жирэмсэн эхчүүд өдөрт 60-120 мг төмрийн бэлдмэл ууж байх ёстой. Мэдээж дан ганц төмрөөс гадна зайлшгүй цайр, зэсийн элемент агуулсан витамин уух хэрэгтэй.
Төмөр дутагдаж байгааг яаж мэдэх вэ?
Төмрийн дутагдал байгаа эсэхийг мэдэхийн тулд жирэмсний хяналтанд орох анхны шинжилгээнүүдээ өгөхдөө цусан дахь гемоглобин, цусны ийлдэс, цусан дахь бөөмийн тоо, цусны улаан бөөмийн үзүүлэлтийг эмч нарийн шинжлэх ёстой. Цусны ийлдэсийн хэмжээ нь хэвийн хэрнээ цус багадалттай жирэмсэн эхчүүдийн хувьд цус багадалтын шалтгааныг сайтар судлах хэрэгтэй. Цусны ийлдэсийн хэмжээ нь 20 микрограмм/литр ба түүнээс дээш байгаа жирэмсэн эхийн бие дэх төмрийн нөөц хангалттай байна гэсэн үг.
Төмрийн дутагдал, цус багадалт илэрсэн тохиолдолд эмчилгээний явцад төмрийн бэлдмэлээс гадна нэмэлтээр B12 аминдэм, цайр, зэсийн агууламж бүхий мултьвитаминыг заавал уулгах ёстой байдаг.