ВАШИНГТОН. /Bleacherreport/. “Nike” компани “Кливленд Кавальерс” багийн од тоглогч Леброн Жеймстэй насан туршийн гэрээ байгуулахаар тохиролцсон нь тус компанийн түүхэн дэх хамгийн том үйл явдал юм гэж “ESPN” мэдээлэв.
Гэрээний нөхцөлийг хараахан мэдээлээгүй боловч “Cleveland.com”-ийн Жо Вардоны мэдээлснээр, уг гэрээг байгуулснаар, “Nike” компаниас Кевин Дюрантад жилд төлдөг 30 сая долларыг Леброн Жеймс хэд дахин нугалж авах юм.
Шинэ брэндүүдийг тус тусад нь гаргах тухай Жеймс “Nike” компанитай хэлэлцсэн боловч уг саналыг талууд дэмжээгүй байна гэж Вардон мэдээлжээ.
Леброн Жеймс АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд орохоосоо өмнө “Nike”-ийн далбаанд орж, 2003 онд долоон жилийн хугацаатай 90 сая долларын гэрээг байгуулсан байна. Тухайн үед, мэргэжлийн сагсан бөмбөгийн талбайд хараахан хөл тавиагүй 18 настай хүүд “Nike” компани дэндүү их хөрөнгө оруулалт хийж байна гэж олон хүн шуугьж байсан.
Гэвч “Nike” компанийн тавьсан дэнчин нүдээ олж, Леброн Жеймс АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамгийн алдартай тамирчдын нэг болж, хамгийн үнэ цэнэтэй тоглогч шагналыг дөрвөн удаа хүртжээ.
Леброн Жеймсийн талбай дээрх тоглолт ч гэлтгүй, түүний нэр төр “Nike” компанийн бизнест ихээхэн ашиг тусаа өгсөн байна. “Forbes” сэтгүүлд мэдээлснээр, 2014 оны хоёрдугаар сараас 2015 оны нэгдүгээр сарын хооронд Леброны нэрийн пүүзний борлуулалтын орлого 340 сая долларт хүрсэн нь “Nike”-тай гэрээ байгуулсан одууд дундаас хамгийн их орлогыг олсон тоглогч болжээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг