Иргэд, ялангуяа охид, бүсгүйчүүд ихээр үйлчилгээ авдаг гоо сайхны газар, эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийн үйл ажиллагаанд хийсэн Мэргэжлийн хяналтын шалгалтаар багагүй зөрчил илэрчээ. Тиймээс ийм төрлийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ тусгай зөвшөөрөл, арьс гоо заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлгийг олж үйлчлүүлж байхыг иргэдэд анхааруулав.
МХГ-аас эх барих, эмэгтэйчүүдийн болон мэс ажилбар, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд хийсэн шалгалтаар эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага, дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай холбоотой нийтлэг зөрчлүүд илэрчээ. Тодруулбал шалгалтад хамарсан эмнэлгүүдийн 56 хувь нь зураг төслийн дагуу баригдаагүй зориулалтын биш байранд үйл ажиллагаа явуулдаг. 29 эмнэлгийн 58 хувьд нь бохир багаж, хэрэгсэл, материалыг хүлээн авах, угаалга, халдваргүйжүүлэлт хийх, ариун багаж, материал хадгалах тусгай өрөөгүй зөрчил илрэв.
Түүнчлэн тусламж үйлчилгээнийхээ чанарт тогтмол хяналт тавьж ажилладаггүй, өвчтөнүүдэд заавал хийх шинжилгээнүүд хийгдээгүй, гоёлын гоо сайхны газар буюу гоёлын будалт, арьс зөөлрүүлэх иллэг, хөмсөг, сормуус наах, будах, чимэглэх үйлчилгээ үзүүлдэг газрууд хүний арьс салстад мэс хүргэх ажилбарууд хийж буй зэрэг зөрчил илэрчээ. Гоо сайхны газарт эмчилгээний гоо заслын үйл ажиллагаа явуулах нь элдэв халдвар, элэгний B, C вирус халдварлах аюулыг дагуулж байгааг мэргэжилтнүүд сэрэмжлүүллээ. Дээрх шалгалтаар зургаан эмнэлгийн үйл ажиллагааг зогсоосон байна.
Шалгалтад арьс, гоо сайхан, мэс ажилбар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 99 эмнэлэг хамарсан байна. Эдгээр байгууллагууд нь бүгдээрээ хувийн хэвшлийн эмнэлгүүд аж.
Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/64595.shtml#sthash.JJZxzYd1.dpuf