Нэг зүйлийг эхлээд хэлье. Тэр чамайг нэг л хуурсан бол ирээдүйд ч хуурна.
Энэ нийтлэлийг бичих санаа нэгэн эрэгтэй найзтайгаа хамт хоол идэж байгаад төрсөн юм л даа. Яагаад гэвэл тэр мөнгөтэй, эхнэртэй, найз охинтой гэдэгтээ бахдаж, бахархаж бахадсан утгатай яриа бидний дунд өрнөснөөс тэр л дээ.
Түүний ярьж буйгаар эхнэр нь ч, найз охин нь ч энэ тухай мэддэг ч түүний өгдөг мөнгө, хангамжинд ханаад зовлон тоочдоггүй гэсэн нь бүр гайхмаар санагдсан. Өөрөөр хэлбэл, тэдэнд эрчүүдийн хүндлэл биш харин мөнгө байхад л хангалттай гэж үзэж болох уу. Надад ийм л бодол төрөөд ердөө толгойноос салж өгдөггүй дээ.
Гэтэл манай тэр найз эрэгтэйн ярьснаар эмэгтэй хүн анхнаасаа мөнгөтэй эртэй болзож эхлэхээрээ өөрийг нь хуурна гэдгийг бараг л гадарладаг, түүнийг ч хүлээн зөвшөөрсөн байдаг гэнэ. Тийм болохоор бийлэгжүү харчуул бүсгүйчүүдтэй харьцахдаа ч санаа нь зовохоо байж, үүнийгээ байдаг л зүйл мэт хүлээн авдаг гэх юм.
Би хайр дурлалын сэтгэл судлаач, гэр бүл судлаач биш л дээ. Гэхдээ хууртана, хуурагдана гэж бодсоор байж хайр дурлалын харилцаа үүсгэх хэрэг юу байдгийг ойлгохгүй нь.
Өөрөөр хэлбэл, энэ чинь өөрийгөө сүйтгэж буй хэрэг биш үү. Хайртай хүний өрөөл эмэгтэйн өвөрт хэвтэж байгааг нь хүлээн зөвшөөрч, эвлэрч амьдарна гэдэг соёлт ертөнцөд яавч тохирохгүй амьдрал.
Тэгвэл яг одоо мөнгөтэй, хүчирхэг эрчүүдийг биш энгийн л нэгнийг ханиараа сонгохыг хүсдэг бүсгүйчүүдийн тухай ярилцъя. Харамсалтай нь тийм ч олон эмэгтэйгээс “Миний нөхөр ядуу, дорой байсан ч хамаагүй” гэж хэлэхийг сонсохгүй л болов уу. Эмэгтэй хүний дотоод зөв совин нь баян тансаг амьдрал, хүчирхэг, хангалуун орчныг хүсдэггүй гэж үү. Эмэгтэй хүн яг л муур шиг. Дулаан, хангалуун газар тайван амгалан унтахыг хүсдэг. Тэгэхээр үүгээрээ эмэгтэйчүүд бид хоорондоо адилхан ч сэтгэл доторх аз жаргалын эрэл хайгуулаараа адилхан билээ.
Ихэнхдээ сайхан зүс царайтай, санхүүгийн хувьд чинээлэг эрчүүд эмэгтэй хүний амархан гэгч нь дотносож чаддаг. Эмэгтэй хүнтэй амархан дотносдог, бараг л хүүхнүүд түүнийг хүлээгээд сууж байдаг юм бол хуурах бүр амархан биш гэж үү.
2011 онд АНУ-д явуулсан нэгэн судалгаа анхаарал татаж байна. 1500 гаруй судлаачид юунд санал нэгдсэн бэ гэвэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэнд ч бай эрх мэдэл, хүч чадал байвал тэдний хуурах магадлал өсдөг гэжээ. Өөрөөр хэлбэл, хүч чадал өөрөө бусдыг татах хүч болж, дур булаам байдлыг хэн бүхэнд өгдөг гэсэн үг юм.
Хэрэв эмэгтэй хүн итгэлийг нь хүлээсэн хамгийн найдвартай эрийг хүсч байгаа бол баян хуурамч эр түүнд “Тэгвэл ядуу харчуулаас сонго доо” гэж хэлэх байх даа.
Тэгэхээр эндээс ямар гаргалгаа гарч байна вэ гэвэл баян, чинээлэг эрчүүдийг хүсэх биш харин баяжих, ирээдүйг атгах тийм л эрчүүдийг хоосон халаастай байх үеэс нь л дэмжиж хамт байх хэрэгтэй юм болов уу.
Хөндий хоосноос үүсгэсэн амьдрал хэзээд амттай байдаг даа. Хоёр талаасаа чемодантай хувцаснаас өөр зүйлгүй нийлсэн хосууд байр сав, унаа тэрэгтэй болтлоо өрж босгосон амьдралаа тийм ч амархан нураахыг хүсдэггүй.
Иймээс л баян эр гэж хөл алдахын оронд баяжих эрийг хайж яваарай охид минь.