Бүсгүй таны залуу нас
Дэрвэгэр алаг нүд нь харц гижигдэн мишээж
Дэгжин туфлийн өсгий нь зүрхэн дундуур алхалж
Дэнжийн гоё эрвээхэй шиг дэгж дэрвэж явахад нь
Дэврүүн давилуун залуус салхинд нь унасан биз дээ
Аясын зөөлөн салхиар хайрын шүлгээ дайгаад л
Айзам хөгжмийн аянд биенээсээ уралдаж уриад л
Анхны хайрын дуугаа харих замаар нь эгшиглүүлээд л
Атгахан улаан зүрхнүүд олон олноороо шархалсан уу
Нугалж хадгалсан захиагаа нууцхан халаасанд нь хийгээд
Нуурын хос хунг балын харандаагаар урлаад л
Зургаан утастай гитаранд сэтгэлийн үгээ хөглөөд л
Зузаан бор дэвтэртээ хайрын найргаа тэрлээд л
Хаврын дулаан орой цонхон дор нь шүгэлдээд л
Харцных нь сайхантай тулгараад халуун галаар төөнүүлээд л
Харанхуй шөнө болтол үггүй болзоонд ээрэгдээд л
Хангал залуу нас тань хайранд жаргасан нь саяхан биз
Намрын шар навч хөлд хөглөрөөд үлддэг ч
Нандин ариун дурсамж тань зүрхэн чанд бий биз
Нас намба налайхад үлгэр шиг тэртээд санагдавч
Насан залуу өдрүүд нүднийх нь өмнүүр зурайдаг байх даа
НДүгэржав