Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ургуулан бодох авьяастай. Түүндээ гүн гүнзгий итгэж байдаг. Хэчнээн хайр сэтгэлтэй байсан ч эр эм хүмүүсийн байгалиас заяасан онцлогоосоо болоод хоорондын зөрчилдөөнд оруулдаг шалтгаануудын талаар зөвлөе.
Хайртай л юм чинь засаад авчихна
Хүн хүндээ итгэж амьдрахын агуу гайхамшиг үүн дээр харагддаг. Бүсгүйчүүд дурлалт залуугийнхаа алдаа дутагдал, доголдлыг олж харах нь бага. Тэгсэн мөртлөө хэн нэг нь түүнийх нь алдааны тухай хэлвэл итгэж чаддаггүй. Найз нөхөд, аав ээждээ ингэж хариулах нь олонтаа. Гэвч он жил өнгөрсөөр байвч өнөөх нь бахь байдгаараа л байгааг олж харах болно. Ер нь ч тэгээд хар багаасаа олж авсан дадал зуршил, хүмүүжлийг өөрчилнө гэдэг бараг бүтэшгүй зүйл. Тэгэхээр түүнийхээ өөтэй талыг олж харахдаа түүнээс хагацах, эсвэл дасан зохицох гэсэн хоёр замын аль нэгийг л сонгох болох байх даа.
Хүүхэд төрүүлвэл гэр бүлээ аварна гэж бүү итгэ
Хайртай хүнээ алдахаас айсан гэнэн бүсгүйчүүл яаран садран хүүхэд төрүүлээд, тэр бяцхан амьтнаар гэр бүлийнхээ бат бөх байдлыг хариуцуулахыг оролддог. Хүүхэд бидний хайр сэтгэлийн амьд гүүр, салшгүй холбоо болно гэж итгэдэг бүсгүйчүүд өнгөрсөн хойно нь л төөрч яваагаа мэддэг. Тэдний энэ бодлогогүй алхмаас болоод олон арван хүүхэд аавгүй өсөж байна. Хүүхдийг гэр бүл төлөвлөлтийн замаар хүсэн хүлээж байж хүүхэд олоод төрүүлбэл, хосуудын хувьд ч гэсэн бие биенийхээ талаарх бүрэн ойлголт авч, бат бөх гэр бүлийг үүсгэсэн байх хугацаа юм.
Хардах нь хайртайн шинж биш
Хайртай бол хартай гэдэг үг амьдрал дээр огт утгагүй төсөөлөл юм. Хэн нэгэндээ харилцан итгэлцэл, хүндлэл байхгүй, нэгийнхээ төлөө өөрийгөө зориулж өөрчилж чадахгүй байгаа хүн л хаягдчих вий гэсэн айдаст хүлэгдсэн байдаг. Ийм хүмүүс л бусдыг галзууртлаа харддаг нь амьдрал дээр ч тодорхой батлагдчихсан зүйл. Харин ухаалаг зөв хардалт амьдралыг улам сонирхолтой болгож, хайртай хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг байна. Зарим тохиолдолд хардалтын өвчтэй хүмүүс байх нь ч бий. Эмч, мэргэжлийн сэтгэл судлаач л эдгээж өгнө. Ямар ч гэсэн, жинхэнэ зүрх сэтгэлээсээ бие биедээ хайртай хосуудын хувьд хардалт бол тодорхой хэмжээ хязгаартай, тэр хэмжээгээрээ ч байх ёстой .
Хайртай л бол нэг хүн шиг байх ёстой
Хайртай л бол хосуудын дунд нэг нэгнийхээ эрх чөлөөг барьж хумих асуудал бараг байдаггүй. Хайртай хүмүүсийн үзэл бодол, зан харьцаа адилхан байлаа ч гэсэн зөрөлдөх, ялгарах юм заавал гарч ирдэг. Харин тэр болгон дээр ижилсэх гээд, хэт адил байх гээд байснаар хямрал гарч ирж болох талтай. Хамгийн гол нь бие биеэ хүндэлж чадвал хосууд ямар ч саадгүйгээр бие биеэ бүрэн ойлгож чадна. Хос хоёр өөр өөрөөр сэтгэж, нэг асуудлыг хоёр талаас нь авч үзэж байж, сая бие биеийн дутууг нөхөж, аз жаргалтай амьдрах нь гарцаагүй.