
Бидний бага нас ээж, аавын хайр халамжин дор өнгөрсөн. Олон шөнө нойргүй хонож хуурайлсан, хоол цай хийж өгч асарч ачилсан буяныг нь өдөр бүр санаж явах нь чухал.
Тэд маань биднийг нас биед хүрэхэд нас дээр гарч, биднээс хайр халамж хүсч эхэлдэг шүү дээ. Өдрөөс өдөрт жижгэрсээр байгаа тэд маань биднээс юу ч нэхдэггүй. Харин ч улам л биднийг хайрласаар нэг л өдөр орчлонгийн мөнх бусыг үзүүлээд оддог юм шүү.
“Ээж ээ, танд хувцас аваад өгье”, “Аав аа, хамт тоглолт үзье” гэхээр яах гэсэн юм бэ охин минь, хүү минь. Өөрсдөө л та нар болж байвал бид яахав гэдэг. Энэ үгэнд нь итгэсэн бид нэг л өдөр тэднийгээ мөнхийн орчлонд үдээд нулимстай буцдаг юм шүү.
Тиймээс настай ээж аав, хадам ээж аавыгаа яг л өөрийн үр хүүхэд шигээ хайрла. Тэднээсээ юу ч битгий харамла. Тэдэндээ авч өгсөн бүхэн минь эргээд л бидэнд үлддэг юм.
Өнөөдөр мөнгө төгрөг хүрэхгүй байгаа юм шиг санагдаад тэдэндээ авч өгөх байснаа хойшлуулах гэж байна уу. Тэгвэл үүрд хоцорсон байх тохиолдол их байдаг юм шүү.