Тахиан арьс буюу Кератосис пиларис хэмээх арьсны биржрүү нь ноцтой хүнд өвчин биш ч эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг алдуулж байдаг ноцтой арьсны асуудлуудын нэг яахын аргагүй мөн.
Арьс кератин уургаа их хэмжээгээр ялгаруулснаас үүддэг энэ өвчлөлийг генийн дефект гэж үздэг хэдий ч үүсгэгч шалтгаан нь оньсого таавар хэвээр байна. Сүүлийн үед хэдэн хэдэн арьс судлалын эрдэмтэд КПг Gluten буюу үр тариан цавуулаг уургийн харшил гэж үзэн, Gluten free хоолны дэглэм гаргаж, арьсны арчилгаатай хослуулан эмчлэх арга санал болгоод байгаа билээ. Эдгэрэлтийн үр дүн 50%-аас илүү байгаа гэж тэд баталж байгаа тул та ч өөр дээрээ хэрэгжүүлж үзэхэд илүүдэхгүй биз ээ.
Шинж тэмдэг
Биржрүү нь цайвар арьсанд ягаан өнгөтэй, боровтор арьсанд бараан өнгөтэй байдаг бөгөөд гарын бугалга, өгзөг, гуя, шилбэ, хүзүү зэрэг биеийн хэсгүүдэд голчлон тохиолдоно. Харин нүүрэн дээрхийг батгатай андуурах тохиолдол ч байдаг байна. Голдуу хуурай сэрүүн уур амьсгалтай орныхон энэ асуудлаар шаналдаг. Агаарын чийгшил бага хүйтний улиралд улайлт овойлт зэрэг шинж тэмдэг нь ихэсдэг бөгөөд жирэмсэн үед эсвэл амаржисны дараа улам нэмэгддэг.
КП нь эмэгтэйчүүдэд илүү тохиолддог ч, яс үндэс, арьсны өнгөнөөс шалтгаалахгүй. Төрснөөс хойш 10 хүртлэх насанд эхэлдэг бөгөөд бэлгийн бойжилтын үед идэвхиждэг тул өсвөр насныхны 50-80% нь тахиан арьстай болдог. Тал хүрэхгүй хувь нь 30 хүртлэх насандаа эдгэрдэг, харин үлдсэн 30-50% нь тахиан арьстайгаа үлддэг байна. Бүрмөсөн арилгах, алга болгох арга одоохондоо байхгүй ч, бүдгэрүүлэх, шинж тэмдгийг нь багасгах, шалгарсан аргуудыг орууллаа.
1. Арьсаа гуужуулж байх. Усанд ороод гарахын өмнө арьсаа гуужуул. 7 хоногт 1-2 удаа сайтар үрж угаах буюу биеийн scrub /гуужуулагч/ ашиглаж болно. Ингэснээр үхжиж овоорсон эд эс гуужиж, шар үсний сүв цэвэрлэгдэж, арьс тос чийгээ тэнцвэржүүлэхэд тустай. Гуужуулалтыг хэт ихдүүлж ширүүн гуужуулж болохгүй тул кофен скраб яг тохирно.
2. Усанд орох бүртээ гүн чийгшүүлэх тосон суурьтай биеийн тос хэрэглэх. Усанд орсны дараа чийгтэй биендээ тосон тос түрхэх нь шалгарсан арга бөгөөд усан суурьтай тосноос илүү oil хэлбэрийн тос арьсны чийгшлийг удаан хадгална. Үүнд оливийн тосноос илүүтэйгээр кокосын тос сайн үр дүнтэй нь батлагдсан.
3. Наранд биеэ шар. Өглөөний наранд 10-аас 15мин биеэ шарах нь Д витаминыг нийлэгжүүлж арьсны үрэвслийг намдааж гөлийлгөх ашиг тустай.
4. А болон Е витамин арьсны гаднаас түрх. Эдгээр витаминууд нь арьсны хэвийн эрүүл байдлыг хангаж, эсийн шинэчлэлт буюу төлжилтийг хурдасгадаг тул тахиан арьсны шинж тэмдгийг бүдгэрүүлдэг.
5. Нэмэлт арчилгаа. Та хүсвэл алимны уксус болон аспирин түрхэх арчилгаа, салицилын хүчил, шүвтэр, сүүн хүчилийн найрлагатай тос түрхэх гэсэн олон аргауудаас туршиж үзэж болох юм.