Хүүхэд төрсөнийхөө эхний дөрвөөс зургаан сард хоол тэжээлийн болон сэтгэл санааны хэрэгцээг гагцхүү эхийн сүүгээр болон ээжийнхээ хөхийг хөхөж байхдаа хангадаг төдийгүй эрүүл энх өсч торнидог. Хөхүүл хүүхэд илүү эрүүл чийрэг байж өвчинд бага өртдөг. Гэдэсний болон амьсгалын замын өвчнөөр жил бүр нас бардаг сая гаруй хүүхдийг хөхөөр хооллосноор аварч чадна гэж судалгаагаар нотолжээ.
Яагаад гэвэл хөхүүл эхэд хэрэгтэй учраас
Хүүхдээ хөхүүлэх нь эхчүүдийн хүүхдээ эрүүл энх өсгөж торниулах итгэл найдварыг нэмэгдүүлдэг.
Хүүхдээ хөхүүлэх нь эх хүүхэд хоёрын энхрий харьцааг нэмэгдүүлдэг, ялангуяа энэ нь хүүхдээс нилээд хэдэн цагаар холдох тохиолдолд бүр ч чухал юм.
Хөхүүл эхчүүд хөхний болон өндгөвчний хорт хавдарт бага өртдөг.
Хөхүүл эхчүүд биеийн хуучин галбир төрхөндөө илүү ордог
Яагаад гэвэл айл гэрт хэрэгтэй учраас
Хөхүүл эхчүүд жирэмсэн болох магадлал бага учраас жирэмслэлтээс сэргийлэх янз бүрийн арга хэрэгсэл хэрэглэх боломжгүй, хүсэлгүй эмэгтэйчүүдэд ач тустай.
Хүүхдээ хөхүүлэх нь өрхийн зарлага, цаг хугацааг хэмнэхээс гадна угжаар дамжин халддаг өвчнөөс хүүхдийг сэргийлдэг
Яагаад гэвэл байгууллагад хэрэгтэй учраас
- Байгууллага хөхүүл эх ажилтай байгаа үед ажил төрлийг нь анхаарч дэмжвэл ажилтнуудынхаа ажил таслахаас, туршлагатай чадвартай ажилтан солигдохоос сэргийлж, байгууллагын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломж бүрдэнэ.
- Хөхүүл хүүхэд эрүүл чийрэг байдаг тул ээж нь чөлөө авах явдал бага байдаг.
Хөхний толгой яагаад хагардаг, түүнээс хэрхэн сэргийлэх вэ?
- Хөхний толгой хагарах олон шалтгаан байдаг. Үүнд:
- Жирэмсний хугацаанд хөхөө муу бэлтгэх
- Хөхийг олон дахин угаах
- Ангир уургийг оройтож амлуулах
- Хүүхдэд зөвхөн хөхний толгойг хөхүүлэх/ товч/-г
- Хөхийг хүүхдийн амнаас шувтарч авах
- Хөхийг саахдаа толгойн хэсгээс шувтарч саах зэрэг тохиолдолд хөхний толгой илүүтэй хагардаг
- Жирэмсэн эмэгтэй бүр хүүхдээ хөхүүлэхэд хөхөө бэлтгэх хэрэгтэй
Үүний тулд хөхний толгой хавтгай буюу шигдсэн бол долоовор, дунд хуруунуудын завсар хөхний толгойг хавчаад нааш нь татна
- Хөхийг өдөрт нэгээс илүү бүү угаа
- Харин гараа хөхүүлэх бүртээ угаахаа мартуузай
- Төрсний дараа аль болох эрт /30 минутын дотор/ хоёр хөхийг амлуулж, хөхөх бүрт хүүхдийн хөхөх хугацааг аажим нэмнэ,
- Хөхүүлэхдээ зөвхөн хөхний толгойг бус нөсөөт/ хүрэн/ хэсгийн хамт хүүхдэд хөхүүлнэ.
- Саахдаа гарын дөрвөн хурууг хөхний доод талд, эрхий хурууг дээд талд хөхний толгойноос нэгээс хоёр ямх зайд тавиад хойш нь дарж, урагш нь шахах байдлаар саана.
Хөхний арьсыг өнгөц шувтарч сааж болохгүй. Дээрх зүйлүүдийг та анхаарч байвал хөхний толгой хагарахаас урьдчилан сэргийлж чадна.