![11416290_886825514720397_3447303851741678861_o](http://miss.mn/wp-content/uploads/2016/12/11416290_886825514720397_3447303851741678861_o.jpg)
Ээж болохдоо ингэж бэлдээрэй.
Хүн болгон эрдэмтэн болохгүй ч эцэг эх болдог гэдэг үг бий . Бүсгүй та ч гэсэн өнөөдөр биш ч хэзээ нэг өдөр ээж болох гайхалтай өдөр хүрээд л ирнэ. Эмэгтэй хүн бүр үүнд бэлтгэлтэй байж цаг ямагт эрүүл мэнддээ анхаарч байх учиртайг эмч хэлдэг. Хамгийн наад зах нь гэхэд л амны хөндийн эрүүл мэндээс эхэлнэ шүү дээ. Эмэгтэй та цоорхой шүдгүй, хоолойны махгүй байх хэрэгтэй. Мэдээж бие бялдрын хувьд чийрэг байх нь онцгой чухал. Дээр нь бөөр болон ходоод эрүүл байх ёстойг мартаж болохгүй. Ингэж байж л ирээдүйд эрүүл хүүхэд төрүүлнэ шүү дээ. Үүнээс гадна бэлгийн боловсрол зөв харьцаа тун чухал.
Агаар, усны бохирдол зэрэг олон хүчин зүйл ургийн гажиг үүсэхэд нөлөөлдөг байж болох ч бидний ухамсаргүй үйлдэл, бэлгийн буруу зан үйл, гэр бүлийн үнэнч биш байдал нь ургийн гажиг үүсэх гол шалтгаан болж байгааг эмч онцолж байна. Бидний яриад түгшээд байдаг зүрхний элдэв цоорхой, мөн дутуу болон амьгүй төрөлт зэрэг элдэв эмгэг үүсэхэд бидний хэнэггүй зан, замбараагүй харилцаа, буруу зан үйл ихээхэн нөлөөлдөг болохыг хүн бүхэн анхаарууштай.Олон бүсгүй архаг суурь өвчтэй эсвэл өөрөө ямар нэгэн халдвартай хэрнээ хэдийн жирэмсэлчихдэг. Ингээд л эмчид хандана. Гэтэл аль хэдийн хэвлий дэхь хүүхдэд өвчин нь халдчихсан байдаг. Тиймээс нэгэнт хүүхэдтэй болохоор шийдсэн бол эхлээд өөрийгөө оношлуулж, эмчлүүлэхийг эмч зөвлөж байна. Мөн шаардлагатай шинжилгээ оношлогоог хийлгэсний дараа эрүүл гэсэн онош гарсан үед л жирэмслэх нь хамгийн зөв алхам болохыг эмч нар онцоллоо.
Төрөх насны эмэгтэйчүүдэд жирэмслэхээс өмнө анхаарах зүйл гэж бас бий. Байгалийн гаралтай эрүүл хүнсээр хооллох, архи тамхи хэрэглэхгүй байх, жирэмслэлтээс хамгаалах эмээ зогсоох, мөн улаануудын вакцин хийлгэх, хортой нөхцөлд ажиллахгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна илүүдэл жингээ ч хасах нь байна. Хэт илүүдэл жин жирэмслэхэд сөрөг нөлөөтэй. Жирэмслэхээс 3 сарын өмнөөс фолийн хүчил уух нь урагт үүсч болзошгүй олон эмгэгээс сэргийлдэг болохыг эмч зөвлөж байна. Ирээдүйд мэндлэх энхрий үрээ эрүүл тээж төрүүлэх нь эмэгтэй хүн бүрийн үүрэг . Жирэмсэн болсон үеэс бус жирэмслэхээс өмнө л өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавих нь хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч байгаа хэрэг юм. Тиймээс бүсгүй та одооноос эрүүл мэндээ анхаарч, ирээдүйд ээж болохдоо бэлтгээрэй