Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Биеийн хэл бидний дотоод сэтгэлгээний толь

$
0
0

1cefd7n7kr56342kv2tk936ha6Бид бүгдийн хүссэнээ хэлж чадаагүй эсвэл хэлэхийг хүсээгүй зүйлээ нуух гэж оролдож байсан удаа байгаа байх. Гэвч амнаас маань нэг ч үг унаагүй байхад ярилцаж буй хүн энэ байдлыг мэдчихсэн байдаг. Биднийг ийнхүү “барьж өгдөг” зүйл бол бидний биеийн хэл юм. Учир нь бид ганц амаараа ч бус мөн биеэрээ ярьдаг. Хүмүүсийн хоорондын харьцаанд үг яриа, дууны өнгөнөөс гадна биеийн хэлний оролцоо их чухал байдаг. Тэр ч бүү хэл бидний бодож буйгаас ч их.

Биднийг өгүүлбэрүүдээ эвлүүлж, хүнд нөлөөлөхүйц дуугаар хэлэхийг оролдож байхад бие маань бидний сэтгэгдэл, бодол санааг хэдийн илэрхийлсэн байдаг. Судалгаанаас харахад биеийн хэлний хүнд нөлөөлөх харьцаа 55%, дууны өнгө 38%, харин үг зөвхөн 7%-тай байдаг аж. Энэ арай хэтэрнэ ээ гэж байгаа бол танд нэгэн жишээ дурдъя. Сургуулиа тараад харьж явтал хэдэн найзтайгаа таарсан гэж бодъё. Бие биедээ ярих зүйл маш их байсан тул цаг хэрхэн өнгөрсөнийг ч мэдэх сөхөөгүй байсаар гэртээ их орой харьж л дээ. Харин таныг ээж тань хоёр янзаар хүлээж байсан гэе. Нэгдүгээрт нь маш тайван байдалтай хаалгаа тайлаад, нэг гараараа коридор луу заангаа “Хайчаа вэ, санаа зовоод” гэнэ. Харин хоёрдугаарт мөн дээрх үгнүүдийг хэлэх боловч хоёр гараараа ташаагаа тулаад хаалган дээр зогсож байх юм. Хөмсгөө зангидсан, нүдээ том гээч нь нээсэн байж байх юм гэе. Аль тохиолдолд ээжийн тань илүү ууртай байхыг асуух шаардлагагүй байх гэж бодож байна.

Дохио зангаа болон хөдөлгөөн
Биеийн хэлээр “уншиж, бичиж” чадахын тулд түүний үндсэн “цагаан толгой”-г мэдэх хэрэгтэй. Гар хөлний хөдөлгөөн болон нүүрний хувирлыг энд авч үзнэ. Өдөр тутмын амьдралдаа гар хөлний хөдөлгөөн болон нүүрний хувирлаа харилцааны нэг хэлбэр болгон ашиглаж байгаагаа бид өөрсдөө анзаардаггүй. Эргэн тойронд маань байгаа хүмүүс биднийг сонжиж ярьцгаадаг. Биеийн хэлний нарийн ширийнийг мэдэж түүнийг амьдралдаа хэрэглэх боломж бий. Гэхдээ мэдээж өөрийгөө бусдад зөв илэрхийлэх мөн тэдний үйлдэл, хөдөлгөөний сэтгэгдлийг үргэлж үнэн зөвөөр тайлан унших нь амар зүйл биш юм. Учир нь биеийн хэл нь улс орон, ард түмэн, зан заншил, шашин шүтлэгээ дагаад өөр өөр байдаг. Тухайлбал: Туркууд идэж буй хоолныхоо сайхан амттай, гайхамшигтай гэдгийг таван хуруугаа нийлүүлэн дээш доош хөдөлгөдөг бол уг үйлдэл нь Италичуудын хувьд “гутамшигтай” гэдгийг илэрхийлдэг аж. Харин тэдэнд хоолны амт чанар сайхан байгааг мэдэгдэхийг хүсч байгаа бол долоовор хуруугаа хацар дээрээ тавиад гараа урагш хойш хөдөлгөх хэрэгтэй. Мэдээж “ммм” гэдэг дууг гаргах хэрэгтэй. Харин одоо бүгдээрээ нэг туршилт хийгээд үзье. Зөвхөн толгойгоо ашиглан “тийм” гэдгийг илэрхийлээд үзье. Дараа нь мөн толгойгоороо “үгүй” гэдгийг илэрхийлээрэй. Судалгаагаар “тийм”, “үгүй” гэхийг дэлхий тэр аяараа адилхан илэрхийлдгийг харуулжээ. Өөрөөр хэлбэл бүх хүн толгой дохисноор “тийм” харин сэгсэрснээр “үгүй” гэдгийг илэрхийлдэг байна. Харин Сиричүүд, Туркууд болон Грекчууд “үгүй” гэхийг толгойгоо хойш нь хаяж илэрхийлдэг аж.. Ёс заншил яриад байх юм бол иймэрхүү жишээ олон л доо. Манай монголчууд сүүг дээдлэн хүндэтгэдэг билээ. Тиймээс ч холын замд гарч буй хүний араас сүү өргөж аян замдаа гай барцадгүй байхыг ерөөдөг. Харин Турк хүмүүс холын замд гарч буй нэгний араас нь шанагаар юмуу хувингаар ус цацдаг байна. Энэ нь ус шиг урсаад хурдан эргээд ирээрэй гэсэн утгатай гэнэ. Харин Монгол хүний араас ус цацвал “Холын замд гарч байгаа хүний араас хар ус цацлаа” гэж уурлах байхдаа.

Биеийн хэл бидний дотоод сэтгэлгээний толь юм
Биеийн хэл маань дотоод сэтгэлгээг гадагшаа хэрхэн гаргаж буй арга юм. Үүнийг ихэнхдээ зогсоож болдоггүй. Судалгаагаар худлаа ярьж буй хүн харц буруулж өөр тийш нь харж ярьдаг нь тогтоогджээ. Үүнийг мэдсэн хүмүүс нүдээ буруулахгүйгээр худлаа “бурсаар” байх болно гэж та бүү бодоорой. Учир нь худлаа ярьж буй хүмүүсийн хүүхэн хараа нь жижгэрдэг гэнэ. Хичээл орж буй багш ангийн сурагчдаас хэн нэгнийг самбарт гаргах гэж нэр зааж байгаа гэж бодъё л доо. Хангалттай сайн бэлдээгүй учраас самбарт гарахыг хүсэх хүн байхгүй байсан гэж үзье. Нүдээ багшаасаа нуун номныхоо хуудсыг худлаа эргүүлж, нэг гараараа духаа, нүүрээ хаахыг оролдох байх. Багшдаа юу ч хэлээгүй ч гэсэн бэлэн бус байгаагаа хэдийн биеэрээ хэлсэн байна. Бага байхад ямар нэг зүйлээс нуугдах, буруу зүйл хийсэн үедээ эсвэл айсан үедээ хөшиг, буйдан, ширээн доогуур нуугддаг. Айдас нь арилтлаа тэндээ байхыг эрхэмлэдэг. Харин том болсон хойноо араар нь орчихоор хөшиг, буйдан олж чадах билүү? Мэдээж үгүй. Мэргэжилтнүүд томчуулын ийм үед гар хөлнийхөө “араар” нуугддаг болохыг хэлжээ. Яаж гэж үү? Гараа энгэртээ зөрүүлэн, хөлөө ачин сууж. Хамт байгаа хүнтэйгээ санал зөрсөн үедээ,эсвэл тухайн хүнийг сонсохыг хүсэхгүй байгаа үедээ ингэж гар хөлөө зөрүүлдэг аж.

Бидний зан харьцаа ч дотоод сэтгэлгээнд нөлөөлдөг
Зарим судлаачид бидний дотоод сэтгэлгээ зан харьцаанд нөлөөлдөгтэй нэгэн адил зан харьцаа маань бас дотоод сэтгэлгээнд нөлөөлдгийг тогтоожээ. Тэднийхээр бол, юу мэдэрч байгаагаараа харьцаанд орохоос илүү, ямар харьцаанд орж байгаагаасаа шалтгаалан мэдэрдэг аж. Тухайлбал, шаналгаатай хүн шиг байх нь, хэсэг хугацааны дараа хүний биед химийн өөрчлөлт гарах үндэс болдог аж. Энэ нь зарим тохиолдолд үнэхээр шаналал болон хувирдаг аж. Тэгвэл шаналсан үедээ нуруугаа тэгшлэн, хөмсөгөө үл зангидан инээхийг оролдох хэрэгтэй. Хэн юу гэж хэлбэл хэлэг. Ингэсний дараа өөрийгөө илүү сайхан байгааг мэдрэх болно. Өөр нэг туршилт хийгээд үзье. Нүүрээ албаар хувиргаад үзье. Инээж буй дүр үзүүлэн амаа ангайж , шүдээ арзайлгаж байгаад албан ёсны ямар нэг мэдэгдлийг чанга дуугаар хэлэх гээд оролдоод үз. Болж байна уу? Нүүрний тань хувирал ийм байхад инээхгүйгээр албан ёсны юм хэлэх таны төсөөлж байснаас хэцүү байгаа биз дээ. Биеийн хэл төөрөгдүүлж болно Харилцаа гэдэг бол нэгэн цогц зүйл юм. Үг ярианы хэлбэр, нүүрний хувирал, гар хөлний хөдөлгөөн зэргийн аль нэгийг нь хараад тухайн хүний зан харьцааны талаар тодорхойлох боломжгүй юм. Жишээ нь хэн нэгэн хүн дороо хавчигнан зогсож байгаа бол өөртөө итгэлгүй, биеэ барьж байгаагийн илрэл гэж үздэг. Гэхдээ гадаа хүйтэн байгаа үед эсвэл тэр хүн бие засах шаардлагатай болсон байвал таны таамаглал буруу биш гэж үү? Бид өмнө нь нүдээ буруулах нь худлаа ярьсан эсвэл ямар нэг зүйл нуусны тэмдэг гэж хэлсэн. Харин үүнээс улбаалаад ингэж байгаа хүн бүхэн худлаа ярьж байна гэсэн дүгнэлтэнд хүрч болох уу? Мэдээжийн хэрэг үгүй. Жишээлбэл Японд хүний өөдөөс эгцлэн харах нь үл хүндэтгэж байгаа хэрэг болдог гэнэ. Ганад, хүмүүс бие биенийхээ өөдөөс харж ярих нь ичгүүртэй явдал гэж үздэг тул үргэлж газар ширтэн ярьдаг гэнэ. Бид өөрийгөө зөв ойлгуулж, хийсэн зүйлдээ хариуцлагатай байхын тулд биеийн хэлээ үр дүнтэй ашиглах хэрэгтэй юм. Мөн ярьж байгаа хүнээ ойлгохын тулд биеийн хэлийг уншиж сурах хэрэгтэй. Ингэхдээ хажуугаар нь үг яриа, дуу хоолой, ёс заншил, хүйс, хил хязгаар зэргийг анхааралдаа авахаа мартаваа.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>