Нөхөрт гарахаасаа өмнө франц зурагчны өмнө нүцгэлж, “Ану хатан” кинонд эротик дүр бүтээснээсээ болоод нэлээд шүүмжлэлд өртөж явсан мисс Б.Бадамцэцэг энэ бүхэндээ огтхон ч харамсдаггүй гэдгээ олон нийтэд мэдэгдсэн бүсгүй. Болзоонд урьсан баячуудаас үнэтэй машин бэлгэнд авч, томоохон шоу цэнгээнд алгасалгүй очдог хэмээн хэвлэлээр “цоллуулж” байсан мисс бүсгүй маань өөрийг нь шүүмжилсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлээд “Би тэр зургийг авахуулах гэж хаа дуртай газраа очоод тайчсан юм биш. Оюуны өмчөөр хамгаалагдана гэсэн учраас тэгж их мөнгө нэхээгүй” хэмээн тайлбарлаж суусан.
Харин түүхэн сэдэвт “Ану хатан” киноны эротик хэсгийг үзэх болгондоо баахан гэмшиж явдгаа олноос нуугаагүй аж. Түүний хувьд, Галданбошигт хаантай амраглаж буй эротик хэсгүүд нь тэр чигээрээ кинонд багтана гэж бодоогүй явсан юм байх. Тиймдээ ч энэ тухайгаа тайлбарласан нэгэн ярилцлагадаа “Ану хатан” киног одоо ямар устгуулалтай биш. Тэр нүцгэн дүр тэндээ л үлдэг дээ” хэмээн нэлээд харамсангуй ярьжээ.
Бараг тэрбум шахам төгрөгийн өртгөөр бүтсэн энэхүү киноны зохиол, гол дүрийн жүжигчид, оролцон тоглосон хүмүүсийн баг бүрэлдэхүүн гээд анхаарал татсан олон асуудал байсны нэг нь мисс Б.Бадамцэцэгийн нүцгэлэлт байсан билээ. Өдгөө нөхөрт гарч “томоожсон” сайхан бүсгүй маань дахин нүцгэн зураг авахуулж, эротик дүр бүтээхгүй гэдгээ үзэгч фэнүүддээ хальт дуулгаад авна лээ.
С.Цахиур
www.zone.mn