
Тэр авгайг машиных нь урд шил рүү тонгойн харж байхад Бархүүгийн дотор харанхуйлах шиг болсон байна. Авгайн том улаан хэл дундуураа зүсэгдсэн юм шиг салаа байж. Яг өөдөөс нь могой шиг харж, хоёр хэсэг унжсан хэл нь эвгүйцлийг төрүүлжээ. Бархүү түүний хойноос “Түй, түй. Ерын шулам” гэж шүлсээ хаясан боловч сэтгэл нь нэг л тайвширч өгсөнгүй. Тэр газраасаа 50 орчим метр яваад дахин бөглөрөөнд орж, машинаа унтраагаад суудлаа налан нүдээ аньсхийн сууж байтал хэн нэгэн хаалгыг нь онгойлгон орж ирээд суучихав.
Баахан цүнхтэй, тортой юм барьсан эмэгтэй аж. Бархүүгийн очих ёстой газар хүрнэ гэжээ. Зүгээр байснаас хэдэн цаас зулгаачихвал гэж бодоод Бархүү таксины жолооч шиг “Километр нь таван зуу ш дээ” гээд тавьчихжээ. Нөгөө эмэгтэй толгой дохих шиг болов. “Хурд”-ны замаар орж шуурхайхан явж байгаад буруу хараад явж байгаа “үйлчлүүлэгчийнхээ” царайг толиндоо хартал нөгөө явган хүний гарцан дээр бух шиг орж зогсчихоод хөдлөхгүй байсан түлэнхий талх шиг царайтай, дундуур нь хайчилчихсан юм шиг хэлтэй авгай дүрээрээ байж байх нь тэр. Бархүү сандарсандаа жолоогоо буруу дарж нөгөө талын урсгал руу ороод өөдөөс ирж явсан ачааны машин руу яваад орчихжээ.
Жолоо руу толгойгоороо шаагаад, урд тал нь лааз шиг чихэгдсэн машин дотроо Бархүүг ёолж байхад нөгөө хар хүүхэн машинаас бууж, 2500 төгрөг суудал дээр хаяж дахин нэг хэлээ гаргаад явж одсон байна. Эмнэлгийн орон дээр Бархүү нөгөө эмэгтэйг дахин зүүдэлжээ. Замын хажууд тэр аль байдгаараа гангарчихсан зогсч байв. Зүүдэндээ Бархүү их л уриалгахан, бас таксины жолооч аятай “Хаашаа явах вэ?” гэж асуухад нөгөөх нь “Там руу” гэж хэлээд ямаа шиг чанга орилж майлжээ. Муу ёр хүртэл таксинд гар өргөөд зогсч байдаг байх нь гэж сэрснийхээ дараа Бархүү хөлсөө арчин бодож байв.
Эх сурвалж www.wikimon.mn