Америкийн зах зээлд киногоо гаргасан “Шүүдэр” продакшн дараагийн том кино төсөлдөө оржээ. Тэдний энэ удаагийн бүтээл нь Өгөдэй хааны гуч охин, түүхэнд эрэлхэг бөх гүнж хэмээн алдаршсан Хотол цагаан гүнжийн тухай тулаант төрлийн кино ажээ. Хотол цагаан Сарангэрэлт гүнжийн дүрд Ертөнцийн мисс тэмцээний шилдэг 16-д шалгарсан, жүжигчин А.Баярцэцэг шалгарчээ.
А.Баярцэцэг Америкт жүжигчнээр суралцаад Netflix-ийн “Марко Поло” кинонд тоглосон, англи, испани хэлтэй авьяаслаг бүсгүй юм. “Шүүдэр” продакшн “Хотлун гүнж” хэмээх энэхүү киноныхоо бэлтгэл ажлыг 2015 онд эхэлсэн бөгөөд зураг авалт нь энэ зун эхэлж, 2017 оны хавар дэлгэцнээ гаргах юм байна.
Хубилай хааны эсрэг эцсээ хүртэл тэмцэлдсэн Хайду хааны дүрд МУГЖ Хасар Б.Жаргалсайхан, Хайдугийн их хатанд МУСТА Б.Эрдэнэцэцэг, Хотлун гүнжийн сэтгэлт залуу Абатай баатарт жүжигчин Б.Анхбаяр нар шалгарчээ. Кино зохиолыг зохиолч Б.Шүүдэрцэцэг, Д.Болдхуяг нар хамтран бичсэн байна. Щрөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар, зураглаачаар Америк уран бүтээлч К.Мартин ажиллаж киногоо 4k форматаар бүтээх аж. “Хотлун гүнж” кино нь Юан гүрний сэдвээр бүтээж буй анхны монгол кино, цэвэр тулаант адал явдалт төрлөөр хийж буй түүхэн сэдэвт анхны монгол бүтээл болно гэдгээрээ онцлог. “Шүүдэр” продакшны “Ану хатан” кино Warrior Princess нэрээр Америкийн алдарт Lion s Gate компанид худалдагсан нь Монголын кино Америкийн зах зээлд гарсан анхны тохиолдол болсон билээ.