1993 онд намайг 12 настайд аав маань Дорнод аймгийн Сүмбэр сумын 0198-р хилийн цэргийн ангид нууцийн офицероор томилогдон ажиллах болов. Ах эгч бид бүгд дунд сургуулийн сурагчид, хөдөө алс сургалтын чанар муу гээд ээж маань хотод хүүхдүүдтэйгээ үлдэж аав минь ганцаар хилийн цэрэгт ажиллахаар аян замд гарч билээ.
Сүмбэр суманд аав минь их ганцаардаж, гэр бүлээ санаж байгаагаа захиагаар бидэнд бичнэ. Уншаад аавыгаа их өрөвддөг байлаа. Нэгэн өдөр аав маань хэд хоногийн ажлаар хотод гэртээ ирэхэд нь аавыгаа ганцаардаж байгааг мэдсэн айлын отгон охин би аавдаа хань болж хамт явна, би чадна гэж зүртгэсээр аавтайгаа хамт замын унаанд дайгдан Дорнод аймгийн Сүмбэр сумыг зорин явж билээ /1000 гаран км-ын зайтай газар шүү дээ/.
Оросын 53 гэдэг тэргэний ачаан дунд ачааны тэвшин дээр тэнгэр ширтэн машин дээр явж байсан маань гайхалтай дурсамж болон үлджээ. Намар байсан болохоор өдөр нь цэлмэг хөх тэнгэр, хөвсгөр цагаан үүлс, шөнө нь үй түмэн одод, сар, тэнгэрийн заадас харж 3 хоног явахдаа ямар ч уудам газар нутаг, яасан ч үзэсгэлэнтэй байгаль дэлхий вэ гэсэн бодол анх төрж байсан юм.
Мэнэнгийн тал гэж мөн ч дуусдаггүй тал байж билээ, унтаж унтаж сэрээд л харна яг л нөгөө газраа явж байгаа юм шиг санагдана, – ааваа одоо очих болж байна уу гэж лав 10-аад удаа асуусан байхаа… тал дундуур сүрэг зээр машинтай зэрэгцэн уралдан давхих тэр гайхалтай дүр зураг одоо ч нүдэнд тод харагддаг юм…
Ингээд хүрэх газраа хүрч, аавд маань гаргаж өгсөн офецеруудын байшинд бид хоёрын амьдрал эхэлэвээ… Хөрш маань олон хүүхэдтэй айл байлаа. Том охин нь надтай цачуу, би ч найз болж, тэр охиныг дагаад их ч ажил сурсан даа. Аавыгаа ажлаас нь ирэхэд хоолоо бэлэн байлгана галаа түлнэ, аргал түүнэ, бургас түүнэ, түүснээ шуудайлаад үүрээд гэртээ авч ирнэ, ус зөөнө, хүнсээ цуглуулна, хичээлээ хийнэ, бас муучгүй сургуулийнхаа онц сурлагатануудтай өрсөлдөнө гээд уйдах завгүй байдаг байв.
Тэр үед аав маань офецер хирнээ бусад офицерууд шиг цэргүүдийг зардаггүй байсан. Бусад айл руу цонхоор харахаар цэргүүд ирж мод хөрөөдөж, бургас түүж, гэрийн ажлаас нь хийж өгч харагддаг байсан юм. За тэгээд хааяа шөнө дунд аавыг маань ажлаас нь гэрийн утсаар дуудаад аваад явчихна, би гав ганцаараа шөнө хөнжилдөө шигдэн айж хэвтдэг байв.
Луус /тэндхийн хүмүүс тэгж дууддаг байсан/ гээд томоо харх тэнд их байнаа, шөнө болохоор гэрт шалан дээгүүр сүүлээ чирээд тачигнатал явна, хоорондоо муудалцана, яг хүн шиг муухай чарлалдана. Айж уйлдаг байсан ч аавдаа энэ талаараа огт хэлдэггүй байв. Санаа нь зовоод ажилдаа анхаарахгүй байх гээд…
Нэг мэдэхэд цагаан сар дөхөж аав бид 2 буузаа чимхэж үүдний амбаартаа хөлдөөхөөр хавтан дээр жирийтэл өрөөд унтав. Өглөө нь хөлдөөсөн буузаа хураахаар хартал нэг ч бууз байдаггүй. Бөөрөнхий бөөрөнхий буузны ёроолны дүрс нь хавтан дээр үлдсэн байв.
Хаалга дотроосоо түгжээтэй тэгээд бүгдийг нь хэн хулгайлчихдаг байнаа? гэж айж гайхах зэрэгцэн ааваасаа асуутал аав маань аан муу хархнууд хөёө рүүгээ зөөчиж, ёстой зэвүүн амьтад байгаан, барагтай хоронд үхдэггүй амь бөхтэй золигнуудыг дээ… гэснээ уруулаа унжуулан, урам хугарсан намайг аргадан за яахав яахав 2-уулаа ахиад эртхэн буузаа чимхээд гадаа хөлдөөж манаж байгаад уутлая гээд ахиад л мах татаж бүгдийг эхнээс нь хийж билээ…
Зун болж сургууль амарч, би хот руу бүүр буцав. Аав маань намайг байхгүй хооронд намайг маш их санаж миний хувцасыг үнэрлэж дэрлэж унтдаг байсан гэсэн. Гэхдээ аав маань жил хүрэхгүй хугацааны дараа хотод гэртээ ирсэн юм. Миний аав одоо сайхан хүн бий. Охин нь айлын бэр болж ээж болсноос хойш таньдаа эрхлэх зав тун муу болж дээ. Аавдаа хайртай.
2016 оны 4 дүгээр сар 7
А.Батчимэг