Энэ бүхэн өнгөрсөн зуны эхэнд болсон юм. Нөхөрт гарсан найз бүсгүйнхээ хуриман дээр найрлаж, бүжиглэж ирээд гэнэт би л ганцаараа үлдлээ гэдэгийгээ санасан юм. Яг л “найз хүүхнүүд аль эрт нөхөрт гарсан ч би л ганцаараа үлгэрийн хан хүүг хүлээсээр” гэж дуунд гардаг шиг л боллоо. Би одоо 37 настай, сурлагаар сайн байсан болохоороо хоёр ч дээд сургууль төгссөн. Сайхан ажилтай, орон байртай болсон ч нэг л мэдэхэд найз хүүхнүүд бүгд нөхөрт гараад гэр орон, нөхөр, хүүхэд гээд намайг гэх хүнгүй болжээ. Ингээд би зуныг зуслан дээрээ ганцаараа ногооны талбайд зугаагаа гарган, намрыг ч мөн орь ганцаараа өнгөрүүлэх хэрэгтэй болсныгоо ойлголоо.
Тэгээд ч миний насанд эхнэргүй эртэй танилцана гэдэг нь тун ховор тохиолдол. Ажил дээр бүсгүйчүүдийн хамт олон дунд, чөлөөт цагаа хаа нэгтээ өнгөрүүлж чаддаггүй. Одоо л цаг алдалгүй арга хэмжээ авах хэрэгтэй болсныг ойлгон санаандгүй байж байгаад нэгэн сайт уруу орсондоо үнэндээ ихээр талархаж байна. Эрж хайсны эцэст өөртөө яг тохирох ёслол оллоо.
Нэмээд өөрийнхөө хувь нэмэрийг ч оруулах шаардлагатай бололтой. Зах орж зүрхний зурагтай гоё хавтастай дэвтэр, шидэт улаан өнгийн үзэг худалдаж авлаа. Дэвтрийнхээ хуудсыг 1-100 хүртэл дугаарлав. Зуу дахь хуудсан дээрээ одоо яг юу хүсэж мөрөөдөж байгаагаа бичлээ. Нөхөр болох хүнтэйгээ танилцлаа! Тэрээр хэрхэн ямар дүр төрхтэй, сайн болоод сул талуудыг нь тоочиж дүрсэллээ. Ингээд дараах өдрөөс нь дэвтэртээ бичиж эхэллээ. Юуны өмнө үсчин орж зүс царайгаа анхаарах хэрэгтэйг санав. Ингээд дэвтэртээ ирээдүйн нөхөртөө таалагдахын тулд үсчинд очиж гоё үсний засалттай, шинэ сайхан дүр төрхтэй болсноо бичлээ. Хоёр дахь өдөр нь өөртөө их сайхан цамц худалдаж аваад дэвтэртээ бичлээ.
Ингэж 99 өдрийг өнгөрүүллээ. Энэ хугацаанд би фитнес–клубд явдаг болж, сайхан ааш зантай, дур булаам эмэгтэй болохын тулд амттан ч иддэг боллоо. 95 дахь өдөр авто салоноос утасдаж хагас жилийн өмнө захиалсан миний машин бэлэн болсныг хэлсэн юм! Би жолооны үнэмлэхтэй болоод ердөө л хагас жил болж байгаа, хотоор хэрхэн яаж машинаа бариад явахаа ч мэдэхгүй болохоор баахан сандарсан юм.
Найз бүсгүй минь автын багшийнхаа утсыг өгсөн тул би утасдаж, 100 дахь өдөр өөрөө ч мэдэлгүйгээр автын багш болох ирээдүйн нөхөртэйгөө уулзахаар явж байлаа. Ийм өдөрт бэлтгэж худалдаж авсан бүхнээ өмсөн, зүс царайгаа ч гоёж гоодов. 11 цагт тэрхүү жолооны багштай уулзахаар цаг тохирсон тул яг цагтаа ирээд гайхсандаа яахаа ч мэдэхгүй “барьц алдлаа” Миний дэвтэртээ дүрслэн бичсэн тэр эр яг дүрээрээ өмнө минь зогсож байлаа. Эхний хэдэн хормоос л бид аль эртний танилууд шиг ярилцаж, энэ уулзалтанд гурван сар илүүхэн бэлтгэсэн ч тун удалгүй бид гэрлэж хуримаа хийсэн юм.