Дуучин Селена Гомез “Vanity Fair” сэтгүүлд өөрийн сэтгэл эмзэглэм түүхээ хуваалцжээ. Өдгөө 32 настай, тэрбумтан Гомез хүүхэд тээх боломжгүй гэдгээ хэлсэн байна. Тухайлбал, хэд хэдэн эрүүл мэндийн асуудлаас болж хүүхэд тээхэд хүндрэлтэй байх болно гэсэн байна.
Дуучин Гомез “Би энэ тухай нээлттэй хэлж байгаагүй. Харамсалтай нь би өөрөө хүүхдээ тээж чадахгүй. Надад маш олон эрүүл мэндийн асуудлууд байдаг болохоор өөрийнхөө болон хүүхдийнхээ амь насыг эрсдэлд оруулж магадгүй. Энэ асуудлаас болж би их шаналдаг” гэжээ. Тэрбээр өнгөрсөн жил чонон яр өвчний улмаас хүчтэй эмчилгээ хийлгэдэг талаараа ярьж байсан. Мөн 2017 онд уг өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон юм.
Дараа нь “Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хоёр туйлт эмгэгийн улмаас уудаг сэтгэцийн эмүүд нь эрүүл жирэмслэх боломжгүй болгосон гэж ярьжээ.
Түүний ээж Мэнди Тифи нь өргөмөл хүүхэд байсан. Тиймээс дуучин Гомез гэр бүл зохиох бол тээгч эхээс эсвэл үрчлэх журмаар хүүхэдтэй болно гэв. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Би үнэхээр гэр бүлтэй, үр хүүхэдтэй болохыг хүсдэг. Тээгч эх болж бусад гэр бүлүүдэд аз жаргал бэлэглэж байгаа хүмүүс бол гайхамшигтай нэгэн юм. Мөн хүүхэд үрчилж авдаг хүмүүс ч сайхан сэтгэлтэй, гайхамшигтай хүмүүс. Би ямар нэгэн байдлаар ээж болох л болно. Ирээдүйд юу тохиолдох нь тодорхойгүй ч миний хүүхэд бол минийх л байна. Би юу болох бол гэж төсөөлөх бүртээ сэтгэл хөдөлдөг” гэжээ. Дуучин Гомез одоо хөгжмийн продюсер Бенни Бланкотой үерхэж буй.
Эх сурвалж: BBC