БНХАУ-ын Хайнань арлын Саньяа хотын “Crown of Beauty Theatre” цэнгэлдэхэд зохион байгуулагдсан 65 дахь удаагийн Дэлхийн мисс тэмцээний ялагч тодорлоо. Энэ оны Дэлхийн миссээр Испанийн гоо бүсгүй Мирейя Лалагуна Ройо тодорч, титмийн эзэн болсон юм. Шинэхэн миссийн “www.eonline.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-65 жилийн турш зохион байгуулагдаж буй Дэлхийн мисс тэмцээнээс анх удаагаа Испани улс титмийн эзэнтэй боллоо?
-Дэлхийн мисс тэмцээн зохион байгуулагдсан цагаас Испани улс гоо бүсгүйчүүдээ оролцуулж ирсэн. Ийнхүү олон жилийн дараа Испани улс зорилгоо биелүүлж, дэлхийн мисстэй боллоо. Өнөөдрөөс эхлэн Испани Дэлхийн миссийн ялагчтай орнуудын тоонд багтах болсон. Би титмийн эзэн болохын тулд их хөдөлмөрлөсөн. Үнэхээр шаргуу хөдөлмөрлөж, Испани улсын нэрийг дэлхийн тавцанд гаргахын тулд өөртөө байгаа бүхий л боломжоо ашигласан. Миний гэр бүл болон испаничууд надаар бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Өнгөрсөн жилийн ялагч, дэлхийн мисс Ролене Страусс хэдхэн минутын өмнө танд титмээ шилжүүлэн өглөө. Таны сэтгэл их хөдөлсөн үү?
-Үнэхээр зүүд шиг зүйл болсон. Испани гэж дуудахад миний зүрх зогсох шахсан. Титэм надад ирэх үед би нулимсаа барьж дийлээгүй. Учир нь би өөрөөрөө болон эх орноороо дэндүү их бахархсан. Ард түмнийхээ итгэлийг алдахгүй байхын тулд хичээх болно.
-Үнэхээр чин сэтгэлээсээ баяр хүргье. Титмийн эзэн болно хэмээн төсөөлж байсан уу?
-Баярлалаа. Олон гоо бүсгүйгээс намайг титмийн эзнээр тодруулсан холбооныхон болон шүүгчдэд талархалаа дэвшүүлье. Үнэнийг хэлэхэд, дэлхийн мисс болно хэмээн төсөөлөөгүй. Бүх л зүйл гэнэтийн бас тааварлашгүй байсан.
-Таны өмнөх титмийн эздийн ихэнх нь “Топ модель” төрөлд ялагч болсон. Та ч гэсэн энэхүү номинацид ялагч болсон?
-Эцсийн шалгаруулалт болохоос хэдхэн минутын өмнө “Топ модель” төрөлд ялагч болсон гэдгээ мэдсэн. Хүснэгт дээр Испанийн төрийн далбаа байгааг хараад их баярласан. Титмийн эзэн болоход энэхүү номинацийн тэргүүн байр дэм болсон гэдэгт итгэлтэй байна.
-Та бол мэргэжлийн модель. Энэ номинацид өрсөлдөхөд тийм ч бэрх байгаагүй байх?
-Үгүй дээ. Би шүүгчдийн өмнө алхахад миний өвдөг чичирч, алдаа гаргахаас эмээж байсан. Бүх л шалгаруулалт надад хэцүү байсан. Бусад охидоос давуу байхын тулд өнгөрсөн нэг сар их хөдөлмөрлөж, сэтгэл зүйгээ бэлдсэн.
-Жил бүрийн ялагч харилцан адилгүй байдаг. Титмийн эздээс таны давуу тал юу вэ. Та зорилгоо биелүүлж, титмийн эзэн боллоо. Та эрх мэдлийнхээ хүрээнд ямар ажил хийх вэ?
-Дэлхийн мисс тэмцээний хамгийн хэцүү, сэтгэл хөдөлгөсөн номинаци бол “Зорилго бүхий гоо үзэсгэлэн”. Би энэ жил “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” номинацид өрсөлдөхдөө байгалийн гамшгаар орон гэр болон гэр бүлээсээ хагацсан хүүхдийн амьдралыг онцолсон. Тэдэнд ямар их тусламж, хайр халамж хэрэгтэй байгааг олон улсад мэдрүүлэхийг зорьсон. Нэгэнт би зорилгоо биелүүлж, титмийн эзэн болсон учир өөрийн эхлүүлсэн “Байгалийн гамшгийн хохирогчдод туслацгаая” аянаа өргөжүүлж, олон улсын дэмжлэгийг авахын тулд бүхий л хүчээ дайчлах болно.
-Гэр бүл, дэмжигчидтэйгээ уулзахыг их хүсч байна уу?
-Тиймээ. Би дэлхийн миссийн хувиар гэр бүл болон ард түмэндээ удахгүй болох зул сарын баярын мэнд дэвшүүлмээр байна.
-Хоёрдугаар байрт ОХУ-ын гоо бүсгүй София Никитчук орсон. Та хоёрыг их дотно гэж сонссон?
-Тиймээ. Бид Саньяа хотноо ирсэн даруйдаа л найзууд болцгоосон. Нэг сарын хугацаанд бид нэг нэгнээ илүү ихээр таньцгаасан. Мөн гуравдугаар байрт орсон Индонезийн гоо бүсгүй Мария Харфантитай бусад 114 орны оролцогчдоос илүү дотно харилцаатай байсан. Найзууд минь миний дэргэд зогссонд баяртай байна.
Эх сурвалж: Shuud.mn
Б.Дэлгэрцэцэг