“Deer” брэндийн үүсгэн байгуулагч Э.Мандхай нь монгол хүмүүст зориулсан өдөр тутмын загваруудыг хамгийн боломжит үнээр худалдахыг зорьж байна.
-“Бүтээлч монгол залууст зориулав” Энэ бол “Deer” брэндийн уриа. Бүтээлч залуу гэж хэнийг хэлээд байна вэ?
-Анхны цуглуулгаа төгс болсон гэж хэлэхгүй. Гэхдээ би бүтээлч залууст зориулахыг хүссэн. Урлаг хөөсөн, зөвхөн гоё харагдахыг хичээж буй хүнийг бүтээлч гэхгүй л болов уу. Бүтээлч гэдэг нь бусдаасаа нэг алхам түрүүлж сэтгэдэг, бусдаас хоёр цагаар илүү ажилладаг, боломжгүй зүйлээс боломжийг эрдэг хүнийг хэлэх болов уу. Бүтээлч хүмүүсийн дотоод ертөнц хүртэл өөр. Би ийм хүмүүсийн төлөөлөл нэг хэсэг нь байхыг хүссэн. Тиймээс загварлаг эдэлгээ сайтай, биед эвтэйхэн хувцсыг Монголын бүх бүтээлч залуустаа зориулан гаргаж байгаа юм.
Сорилтыг давж чадвал боломжийг харамгүй хайрлана гэдэгт би итгэдэг
-Та хэзээ дизайнер болохоор шийдсэн бэ. Их сургуулиа төгсөөд өдийг хүртэл ажиллахдаа мэргэжлээ голох, шантрах үе байсан уу?
-Дунд, ахлах сургуульд байхдаа технологийн олимпиадад идэвхтэй оролцдог байсан нь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн. Ахлах сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгох болоход сэтгүүлчээр, эсвэл дизайнераар сурах гэдэг хоёр сонголт өмнө минь байв. Тухайн үед сэтгүүлч мэргэжил яагаад ч юм сонирхол татсан. Гэхдээ хувцас загвар зохион бүтээх нь илүү ойр санагдаж “Сити институт”-д элссэн.
Би төгссөн сургуульдаа их хайртай. Сургуулийн орчин, багш оюутны харилцаа гээд бүх зүйл нь намайг мэргэжилдээ улам дурлаж, цаашдаа хүсэл тэмүүлэлтэй дизайнер болоход нөлөөлсөн гэж боддог. Мэргэжлээ голох гэхээс илүү эхлүүлсэн ажлууд бүтэлгүйтэж шантрах үе олон гарсан. Их сургуулийн төгсөлтийн ажил маань өндөр оноог авч Солонгосын их сургуульд мэргэжлээрээ 100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломж олдсон ч би татгалзсан юм. Сурах гэж цаг алдаж байснаас ажлын туршлага хураая гэж шийдсэн.
Сайн найзтайгаа нийлж III, IV хороололд талбай түрээслээд, анхныхаа ажлын гарааг эхэлж байв. Тэр бол 2010 он. Их сургуулиа дөнгөж төгссөн хоёр жаахан охин аав ээжээсээ мөнгө аваад анхныхаа хувцас үйлдвэрлэлийг эхлүүлсэн. Гэхдээ зургаан сарын дараа л бид хоёр дампуурсан. Учир нь ямар ч судалгаагүй, бусад хүн ямар бүтээгдэхүүн сонирхож байгааг мэдэхгүйгээр баахан хувцас оёчихсон хэрэг. Зургаан сарын хугацаанд 100 орчим хувцас оёсноос 10-аад ширхэг нь л зарагдсан. Үлдсэнийг нь найз нөхөд, хамаатнууддаа тараагаад дуусгасан даа.
Тухайн үед өөрийгөө ямар түүхий байгаагаа мэдэж маш том сургамж авсан. Үүний дараа “Мила Мода” гэдэг салонд дизайнераар ажилд оров. Албан байгууллага учраас цагтаа эхэлж, цагтаа тарна. Хэдий миний мэргэжилтэй уялдаа холбоотой байсан ч байнга шинэ загвар гаргахгүй, үйлдвэрлэл явуулахгүй болохоор хэсэг хугацааны дараа уйдаж, ажлаа сольж үзэхээр шийдсэн. Тэгээд “Ханбүргэдэй” их дэлгүүрт зөвлөх дизайнераар ажиллах болов. Эхлээд сонирхолтой байсан ч бас л оффиссын ажлаас ялгаагүй байсан тул удалгүй уйдаж эхэллээ.
Тэр бас “Ариунаа Cүри” брэнд Монголд танигдаж эхлээд байсан үе. Усан дээрх шоугаа зохион байгуулах гээд дизайнер шалгаруулна гэхийг сонсоод очсон. Хамгийн анхны Монгол дизайнер олон улсын загварын тайзан дээр бүтээлээ танилцуулсан, өдөр тутмын хувцас урладаг гээд л татагдах зүйл олон байсан. Туршилтын хугацаанд хичээж ажиллаад үндсэн ажилтнаар шалгарав. Ариунаа дизайнерын дор ажиллаж байх хугацаандаа маш олон зүйлийг шинээр сурч мэдсэн.
Жил гаруй хугацаанд “Ариунаа Сүри” брэндэд дизайнераар ажилласан. Тэгээд өөрөөсөө “Цаашдаа энэ миний явах зам мөн үү?” гэж асуусан. Учир нь миний дотоод ертөнц, сонирхол маань өөр зүйлийг хүсээд байсан хэрэг. Тэгээд ажлаасаа гарахаар шийдсэн. Ингээд зөвхөн залууст зориулсан өдөр тутмын загварлаг, чанартай, боломжийн үнэтэй хувцас үйлдвэрлэхээр зорьсон. Их сургуулиа төгсөөд эхлүүлж байсан ажлаа илүү туршлагатайгаар дахин эхлүүлсэн гэж хэлж болно.
Өдөр тутмын хувцасны үйлдвэрлэл Монголд хөгжих боломжтой
Тэгээд өнгөрсөн жилээс өөрийнхөө хүсэл мөрөөдлөө дагаж, бие даан хувцасны брэнд гаргасан. Одоо “Хүннү” их дэлгүүр болон “Гранд плаза”-д манай “Deer” брэндийн хувцаснууд зарагдаж байна. Удахгүй гурав дахь салбараа УИД-т нээхээр бэлдэж байна.
-Түргэн загвар буюу хямд үнэтэй, авсаархан хувцаснууд дэлхийн бүх хүний сонирхлыг татаж байгаа. Гэтэл Монголын хүн ам цөөн учраас “H&M”, “Zara” мэтийн хувцас загварын компанийг үүсгэн байгууллаа ч ашгаа нөхөхгүй гэж ярих хүн олон. Та үүнтэй хэр санаа нийлдэг вэ?
-Үндэсний хувцасны брэндийг Монгол дизайнерууд өөрсдөө л бий болгож чадна. Монгол хүн бүр гадаадын аль нэг улсыг зорихдоо өнөөх “Uniqlo”, “Zara”, “H&M”-ээ хайдаг. Тэгэхээр ийм төрлийн хувцасны дэлгүүрт дуртай хүмүүс буюу зах зээл нь монгол дизайнеруудад байна.
Гаднынхан шиг нийтийн бүлэгт зориулсан хувцасны брэндийг гаргахын тулд залуусыг байлдан дагуулахуйц шинэлэг загвар, чанар, боломжийн үнэд анхаарах хэрэгтэй болов уу. Боломжийн үнэ гэдгийг хамгийн хямд үнэ гэж ойлгож болохгүй. Харин бүтээгдэхүүнээс авах сэтгэл ханамж нь үнээс илүү байх нөхцөлийг бүрдүүлэх гэж ойлгох нь зөв байх.
Миний зорилго бол дээрх гурван шаардлагыг хангасан бүх төрлийн хувцсыг үйлдвэрлэж, нэрийн барааны дэлгүүрүүдээрээ дамжуулж монголчуудад хүргэх явдал.
-Эхний дэлгүүрээ хэдий хэмжээний хувцас үйлдвэрлэсний дараа нээж, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Санхүүжилт, эхлэл хөрөнгөө хэрхэн босгосон бэ?
-Эхний дэлгүүр 600 ширхэг хувцастайгаар үүд хаалгаа нээсэн. Манай ажлын баг бүрэлдэхүүнд 20-иод хүн бий. Үүнд бүх шатны оёдол, сүлжмэлийн ажилчид багтана. Эхлэл хөрөнгөө хувцасны урлангаасаа босгосон. Мөн хамтрагч байгууллагууд гэх мэт дэмжсэн хүмүүс бий. “Deer” брэндийн эхлэл бол “Мондэ” нэрээр гарсан 50 ширхэг гадуур хүрэм юм. 2014 онд дэлгүүрээ нээхээс өмнө туршилтын журмаар, залууст зориулсан 50 ширхэг гадуур хүрэм хийгээд хамгийн боломжит үнээ тогтоон зарсан.
Тухайн үед хоёр танил маань надтай хамтарсан. Үнэтэй зурагчин хөлсөлж чадахгүй учраас бүтээгдэхүүнийхээ зургийг өөрөө аваад фэйсбүүкт байршуулж, сурталчилгаа хийсэн. Маш хурдан хугацаанд урласан бүх бүтээгдэхүүн маань амжилттай борлогдсон. Цаашдаа залууст зориулсан өдөр тутмын хувцасны үйлдвэрлэл Монголд хөгжих боломжтой, монгол залуус үндэсний загварлаг, чанартай бүтээгдэхүүнийг худалдан авахдаа дуртай гэдгийг тэр явдал нотолсон. Энэ нь дараагийн брэндээ үүсгэх санхүүжилтийн эх үүсвэр болсон ч гэж хэлж болно.
Үүнээс санаа аваад сайтар төлөвлөж, тооцоолсны эцэст өдөр тутмын хувцасны цоо шинэ Монгол брэнд гаргахаар гэж шийдсэн. Ингэхдээ “Мондэ” гэдэг нэрээ хувцас захиалга авдаг салон болгоод “Deer” буюу буга гэдэг шинэ брэндийг бий болгосон. “Deer” брэнд нь хүнд хэрэгцээтэй бүх төрлийн хувцас үйлдвэрлэх зорилготой.
-Одоогийн Монголын нөхцөлд тухайн дизайнер маш олон төрлийн чадвар эзэмшсэн байх шаардлага гарч ирсэн. Зөвхөн чадварлаг, авьяастай дизайнер байхаас гадна бүтээгдэхүүнээ борлуулах, хүмүүст хүргэх, хамтрагч байгууллагуудаа зөв сонгох, тэгэхийн тулд хэлэлцээ хийх чадвартай байх хэрэгтэй гэх мэт. Та монгол үйлдвэрүүдтэй хамтран ажиллахдаа хэр дуртай байдаг вэ?
-Арьс ширний болон сүлжмэлийн үйлдвэрүүдтэй хамтран ажилладаг. Цаашлаад гутал, цүнхний үйлдвэрүүдтэй хамтран ажиллах сонирхолтой байна. Хамтрах хүмүүсээ сонгохдоо харилцаа, ажилдаа хэр сэтгэлээсээ хандаж байгааг нь ажигладаг. Одоо хамтарч буй байгууллагууддаа үнэхээр сэтгэл хангалуун байна.
Миний бодлоор үндэсний цогц үйлдвэрлэлийг дэмжихийн тулд дизайнерууд маань үйлдвэрүүдтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй. Тэдэнд захиалга өгч, хөдөлгөх нь эдийн засгийн эргэлтэнд сайнаар нөлөөлнө. Үйлдвэрийн ажилчид үнэхээр сэтгэлээсээ, сайхан хүмүүс байдаг. Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн бүгд зарагдсан гэдэг мэдээг үйлдвэрийн ажилчид сонсоод ямар их баярладаг гээч.
Тэр хүмүүсийн баярласан царайг харахын тулд манай баг сайн, чанартай загвар гаргаж, үйлдвэрийн ажилчдаас хамаарахгүй зүйлсээ тултал хийж гүйцэтгэх нь чухал. Ийм сэтгэлээр хоорондоо хамтран ажиллавал үндэсний цогц үйлдвэрлэл, брэнд гэдэг зүйл бий болно гэж боддог.
-Монголд загвар зохион бүтээгч мэргэжлээр ажиллаад ашиг олох, хөл дээрээ босох орчин хэр хэцүү вэ?
-Маш хэцүү. Гэхдээ энэ нь шантар гэсэн үг биш. Ямар боломж байгааг олж нээ гэсэн үг байх. Миний хувьд таван жилийн турш энэ салбарт тасралтгүй ажиллаа. Энэ хугацаанд өөртөө сэтгэл ханамжтай ажлын хөлс хэзээ ч авч үзээгүй. Дизайнер хүний хөдөлмөрийг өндрөөр үнэлдэг тогтолцоо нь хараахан бий болж амжаагүй байна гэж хардаг. Дизайнер мэргэжлийг оёдолчин гэж үздэг ч юмуу, хувцасны нөхөөс хийгээд суудаг хүн гэж ойлгодог хүн Монголд олон байгаа нь энэ мэргэжлийн үнэ цэнэ алдагдахад хүргэж буй.
Гэхдээ мэргэжлийн үнэ цэнийг дизайнерууд өөрсдөө бий болгоно. Цаг үеэ мэдэрч, хэцүү үеийг нэгдэж байж туулах нь дизайнеруудын ажлыг үнэ цэнэтэй болгох болов уу. Ганцаараа биш, хоорондоо баг болон хамтарч ажиллах, нэгнийхээ чадварыг үнэлж, нэгнийхээ чадахгүй бүхнийг нөхөж ажиллах замаар дизайнерууд Монголын хувцас загварын ертөнцийг хөгжүүлэх боломжтой гэж хардаг.
-Танай хувцаснуудaд монгол ноос, арьсыг нэлээд ашигласан байдаг. Энэ нь Монгол гэдэг онцлогийг гаргаж ирдэг болов уу. Гадаадад бүтээгдэхүүнээ нийлүүлэх санаа бий юү?
-Гадаадаас бүтээгдэхүүнээ нийлүүлээч гэдэг санал хэд хэд ирсэн. Гэхдээ одоохондоо ийм төрлийн саналуудыг хойшлуулж байна. Миний зорилго монголчуудын хувцасны хэрэгцээг хангах. Ядаж монголчуудын 90 хувь нь манай брэндийг мэддэг болсны дараа гадаадад бүтээгдэхүүнээ худалдаж эхэлбэл илүү үнэ цэнэтэй байх болов уу гэж харж байгаа.
-Танд маркетинг, санхүүгийн тал дээр тусалж байгаа хүн бий юү. Гэрийнхэн тань таны ажлыг хэр дэмждэг вэ?
-Маркетинг санхүүгээ өөрөө зохицуулах гээд чармайж л байна. Гэрийнхэн эхэндээ их дургүйцдэг байсан. Гэр бүлтэй бол, ашиггүй, цаг үрсэн зүйл хийлээ гээд л зэмлүүлнэ. Гэхдээ сая дэлгүүрээ нээсний дараа намайг юуны төлөө зориод, юу хийх гээд яваад байгааг нэлээд сайн ойлгох шиг болсон. Аав, ээж минь ерөнхийдөө миний сонирхлыг дэмжсээр ирсэн.
-Та дизайнер мэргэжлээр олон даргын дор ажиллажээ. Ингэхдээ өөрийн санаанд нийцсэн хөлсийг хэзээ ч авч байгаагүй гэлээ. Харин одоо туслах дизайнеруудаа хэрхэн цалинжуулж байна вэ. Ажиллах орчныг нь ямар байлгахыг зорьж байна вэ?
-Мөнгө харамлах үнэхээр дэмий. Олдож байвал хуваагаад л өгөх хэрэгтэй. Гэхдээ хэр ихийг, ямар чанартайгаар бүтээж байна вэ гэдэг нь их чухал. Анхнаасаа дизайнеруудаа сонгохдоо хувь хүнийх нь зан чанар, хичээл зүтгэл, шантаршгүй байдлыг харж сонгодог. Сонгосон хүнээ алдахыг мэдээж хүсэхгүй.
Бүтээгдэхүүнээс авах сэтгэл ханамж нь үнээсээ илүү байх нөхцөлийг бүрдүүлэх гэж хичээж байна
Гэрээний дагуу, хийсэн хэмжээнд нь тааруулж туслах дизайнеруудаа цалинжуулж байгаа. Бид брэндээс гадна “Мондэ” гэдэг хувцасны салон ажиллуулдаг гэж дээр хэлсэн. Захиалга тасарна гэж үгүй. Тиймээс цалингийн асуудалд гар татах шалтгаан байхгүй.
Ажлын уур амьсгал хамгийн чухал. Би ажлын байраа урлан биш, “Лаборатори” гэж нэрлэх дуртай. Яагаад гэвэл энд хувцас загварын туршилтууд явагддаг. Туршилтыг уур уцаартай явуулбал хэнд ч ажиллах хүсэл төрөхгүй, бүтээлч хандаж чадахгүй. Тиймээс хоорондоо найрсаг, эелдэг байхыг өөрөөсөө эхэлдэг.
-Тантай адилхан зорилгоор гарч ирж буй шинэ брэндүүд “Urban jeans”, “Exclusive”-ийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Хоёулаа гоё сэдээд, хийгээд явж буй. Дотоод асуудлыг сайн мэдэхгүй. Харин “Urban jeans” маш их таалагддаг. Яг одоогоор тэдний дэлгүүрээс доод тал нь гурван өмд авна гээд төлөвлөчихсөн байгаа. “Urban Jeans”-ийн багийнхан их эрч хүчтэй юм шиг санагддаг. Тэд хүмүүст хүрч чадаж байна. Нээгдээд удаагүй ч маш олон салбар дэлгүүр нээчихлээ. Эргэлт нь ч сайн байгаа болов уу. Түүнчлэн ямар олон хүнийг ажлын байраар хангаж байгааг нь бодоод үзээрэй. Няцаж шантралгүй, хэн нэгэнд гомдоллохгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгааг нь үнэлэхгүй байхын аргагүй. Цаашдаа ч улам сайжрах байх гэж найдаж байна. Алдаа оноогүй ажил гэж байхгүй. Гэхдээ алдаагаа хурдан засах нь чухал.
-Энэ хүртэл ирэхэд тань хамгийн чухал нөлөө үзүүлсэн үйл явдал эсвэл хэн нэгэн бий юү?
-Энэ хугацаанд шантрах, хүмүүсийг таних гээд тооцоолоогүй эрсдэлүүд олон гарч ирсэн. Тэр болгонд хүн шантрах тухай биш, асуудлыг хэрхэн шударгаар, хэнийг ч гомдоолгүйгээр шийдэх вэ гэдгээ бодох нь хамгийн чухал юм билээ. Замын голд ганцаараа үлдэж, хэн нэгэнд хийсэн хөдөлмөрөө дутуу үнэлүүлэх шиг муухай мэдрэмж ховор байх. Гэхдээ бурхан эхний удаа чамайг сорьдог. Сорилтыг давж чадвал боломжийг харамгүй хайрлана гэдэгт би итгэдэг. Эхний хэцүү үеүүдийг зөв, шударга аргаар давж чадвал боломжууд ар араасаа гарч ирдэг юм байна гэдгийг маш сайн ойлгож байна. Хамгийн чухал зүйл бол хийх гэж байгаа зүйлийнхээ утга учрыг ойлгох, хэнд, юу өгөх гээд байгаагаа тодорхой болгох явдал. Энэ бүхнийг өдий хүртэл хамтран ажилласан хүмүүсээсээ олж авлаа.
-Та ажлаа хийх хүсэл тэмүүллээ хаанаас олж авдаг вэ. Ямар арга барилаар ажилладаг вэ?
-Энэ бол миний хийх дуртай зүйл. Ажил гэхээс илүү өдөр бүр амраад байгаа мэт сэтгэгдэл төрөх нь бий. Тиймээс онгод орохыг хүлээх шаардлага байхгүй. Санаа толгойд минь хэдэн зуугаараа эргэлдэж байна. Харин түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх нь чухал. Ажиллах үедээ би яг л мал шиг, юуг ч анзаарах сөхөөгүй болдог. Харин хоёр сард нэг удаа ч юм уу хамаг ажлаа хаяад амрах үе гардаг. Амармаар байгаа үедээ бүх зүйлээ хойшлуулаад агаарт гарахыг хичээдэг.
-Уран бүтээлчийн ажлыг бизнестэй хослуулах гэдгийг юу гэж тайлбарлах вэ?
-Аливааг хийх авьяас нь надад байна гэж үзвэл түүнийг бусдын хэрэгцээнд зориулж ашиглаж болно. Уран бүтээлч хүн бизнест хөл тавих гэж байгаа бол хувь хүний хүслээ хоёрт тавих шаардлага гарна. Эхлээд хүмүүс юу хүсэж байна вэ гэдгийг мэдрээд, мэдрэмждээ тулгуурласан загвар, бүтээгдэхүүн, маркетингийг хийх нь уран бүтээлчийн ажлыг бизнестэй сүлж байгаа хэрэг юм болов уу.
-Та яг одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?
-10 хувь. Үлдсэн 90 хувь нь ирээдүйд байгаа хэрэг.
Г.Чимэдлхам
Засгийн газрын мэдээ