Гүүглийн хайлтад “Тээгч эх” гэсэн үгийг оруулахад шууд л эхний илэрц нь тээгч эх болмоор байна гэсэн зарын мэдээлэл байх нь тэр. Шинэ төрлийн гэмт хэрэг хэмээн үзэж баримт гаргаж хөндсөн сэтгүүлчдийн материалын сэтгэгдэл хэсэгт ч хоёр хүүхэдтэй, тогтсон амьдралтай бүсгүй тээгч эх болмоор байна хэмээн зар үлдээж утасны дугаараа үлдээсэн байх юм. Ийм төрлийн зар олон байгааг уншигч та анзаарсан нь лавтай.
Нэгэн цагт бидний хувьд кино зохиол, эсвэл дэлхий дахины мэдээллээс хардаг байсан “тээгч эх”-ийн бизнес Монголд хэдийнэ өөрийн орон зайгаа бүрдүүлснийг уншигч та эндээс ойлгож болно. Цагдаагийн байгууллагад гадны оронд очиж тээгч эх болж хохирсон гэх гэмт хэрэг мэр сэр бүртгэгдэх болсон нь ч монголчууд тээгч эхийн бизнест гар бие оролцоод эхэлснийг баталж буй юм.
БНХАУ-д ажиллаж амьдардаг тэрбээр албан шугамын дагуу орчуулгын ажил хийдэг бөгөөд монгол эмэгтэйн гоо үзэсгэлэн, сайхан бие, цаашлаад монгол генийн талаар судалсан баян бизнесмэнүүд тээгч эх болох хүсэлтэй монгол охид, тэр тусмаа урлагийн салбарт танигдсан дуучин, бүжигчин, жүжигчдэд хүсэлт тавьдаг
Тээгч эх ашиглаж төржээ, манай урлагийн хосууд тээгч эх ашигласан гэнэ гэх мэт таамаг төдий хов живийн яриаг бид чихнийхээ хажуугаар өнгөрүүлж ирсэн нь саяхан. Гэхдээ манайд тээгч эх ашиглаж төрөх нь ердийн үзэгдэл болсон. Баянгол үр шилжүүлэн суулгах эмнэлгээр тээгч эх ашиглаж төрөх боломж манайд байдаг.
Эндээс төрсөн олон зуун хүүхдүүд одоо эрүүл саруул явж байгаа. Энэ бол хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа. Хоёр тал харилцан тохиролцоод үр хүүхэдтэй болж, нэг гэр бүлд амьдрал, хайр, баяр баясгалан бэлэглэж байгаа нь тийм ч буруу зүйл биш. Гэвч нөгөө талд монгол бүсгүйчүүд маань гадагшаа явж тээгч эх болдог, өөрийнхөө амьдралд өөрчлөлт авчрахын тулд гадны гэр бүлд тээгч эх болж сургалтын төлбөрөө олдог гэсэн цуу яриа ч гэж хэлэхэд хэцүү зүйл сонсогддог болсоор олон жил болж байгаа.
Гэвч, саяхан нэг танил маань ийм зүйлтэй өөрийн биеэр тулгарснаа ярьсан юм. БНХАУ-д ажиллаж амьдардаг тэрбээр албан шугамын дагуу орчуулгын ажил хийдэг бөгөөд монгол эмэгтэйн гоо үзэсгэлэн, сайхан бие, цаашлаад монгол генийн талаар судалсан баян бизнесмэнүүд тээгч эх болох хүсэлтэй монгол охид, тэр тусмаа урлагийн салбарт танигдсан дуучин, бүжигчин, жүжигчдэд хүсэлт тавьдаг бөгөөд энэ саналаар орчуулагч бүсгүйгээр дамжуулан тавиулах хүсэлтэй гэж хэлж байжээ.
Нэрийг нь энд хэлэхгүй ч манайдаа л гайгүй дуучин бүсгүй тээгч эх болох хүсэлтэй гэдгээ илэрхийлж, асар их мөнгөөр гэрээ хийж байсан тохиолдол байдаг гэнэ лээ. Энэ түүхийг сонссоны дараа арай ч худлаа байх хэмээн бодож явснаа нуух юун. Гэтэл өмнөд хөршийн маань нэгэн хот болсон Өвөрмонголд тээгч эх хамгийн эрэлттэй болсон талаар нутгийн нэгэн бүсгүйгээс сонссоны дараа үнэхээр тээгч эх хамгийн эрэлттэй бизнес болсныг ойлгосон юм.
Хятад улсад саяхныг хүртэл нэг хүүхдийн бодлого хэрэгжиж байсан. Тиймдээ ч үлдэх үр удмаа оюун ухааны хомсдолтой, эс бөгөөс царай муутай хүүхэд төрүүлэхийг хүсэхгүй нь лавтай. Тиймдээ ч хамгийн сайн ген, удам, царайг харж, цаашлаад урлагийн өндөр мэдрэмжтэй бүсгүйг тээгч эхээр сонгож асар их мөнгөөр гэрээ хийх нь баян хүмүүсийн хувьд юу ч биш байдаг аж.
Урлагийн салбарт дөнгөж танигдаж яваа нэгний хувьд гоо сайхнаа энэ мэт ашигтай байдлаар цэвэрхэн мөнгө болгох нь тийм ч байж боломгүй гэмт хэрэг гэж үздэггүй аж. Монгол генийг дан ганц Хятад улсад ч үнэлдэг юм биш.
Цаашлаад барууны орнуудад ч гэсэн тээгч эх хийж мөнгө олдог, энэ төрлийн бизнес манай охид оролцох болсон байна. Тээгч эх хийж болохгүй гэж хуулиар хориглоогүй учраас яалтай билээ. Харин амраар мөнгө олох гэж явахдаа нэг удаа гэрээ хийгээд өнгөрөх биш хүний наймааны золиос болж, эрүүл эд эрхтнээрээ хохирох вий дээ, охид минь. Монгол гоо үзэсгэлэнг буруу зүйлд битгий ашиглаарай.
Эх сурвалж: www.mminfo.mn