Улаанбаатар хот архиндаа живж, завхайрал газар авсаар байна. Бүр сүүлдээ “Баасан ах”-ын төрсөн өдөр гэж шоудалтаа нэрлэж, бие биенээ хөөргөнө. Нийслэл хотын ганцхан шөнийн амьдралд умбасан залуус биеэ үнэлэлтийг өөгшүүлсээр байна. Цагдаагийн газраас ганцхан шөнийн дотор шалгалт хийхэд цэнгээний газрууд нь цаг хэтрүүлэн ажиллаж, таксины жолооч, зочид буудал, саун нь биеэ үнэлэгчидтэй хэрхэн хамтран ажил хэргээ явуулдаг болохыг мэдэж болно.
Хамгийн их хөдөлгөөнтэй нь Сүхбаатар дүүрэг. Энд их дээд сургуулиуд, яамд, засгийн газрын ордон оршдог ч бас цөөнгүй цэнгээний газар, зочид буудал байрладаг. Мөн Чингисийн талбай болон “Улаанбаатар” зочид буудлын урд цэцэрлэг хавиар биеэ үнэлэгчид ихээр цугладаг билээ. Иймээс цагдаагийнхан ажлын өдөр шувтран амралтын өдөр залгах шөнө нэгдсэн арга хэмжээ зохиосон нь бас учиртай аж.
Цагдаагийн байгуулагаас зохион байгуулсан ганцхан шөнийн нэгдсэн арга хэмжээний үеэр 50 орчим биеэ үнэлэгч баригдсан. Мөн өвлийн хүйтэнд 40 орчим насныхан л гадуур зогсож ажлаа хийж байлаа. Арай залуухан нь таксины жолооч, зуучлагч, зочид буудал, саунд байрлаж үйлчлүүлэгчээ олдог гэнэ. Албаныхан зөвхөн биеэ үнэлэгч нарыг саатуулсангүй. Тэдэнтэй хамтран ажилладаг таксины жолооч, зуучлагч нарыг баривчлан, цаг хэтрүүлэн ажиллаж буй газруудыг хаах хүртэл арга хэмжээ авч байгаа юм.
Энд нэг харамсалтай зүйл нь насан хүрээгүй охид биеэ үнэлж байгаа явдал аж. Мөн залуучууд жирэмсэн биеэ үнэлэгчийг ихээр сонирхдог гэсэн байна. Биеэ үнэлж буй шалтгааныг асуухад 30-аас дээш насныхан амьдралын эрхээр энэ замыг сонгосон гэсэн бол 20 орчим насны охид бусдын дарамтанд орж, ингэж зогсох болсон гэдгээ хэлж байлаа. 24 настай Г.Ц ингэж ярьлаа “Үерхэж байсан залуу маань намайг зодож дарамталдаг. Тэгээд биеэ үнэлэхийг шаардаж, олсон мөнгөөр минь архи уудаг байсан. Нэг өдөр намайг гудамжинд босч чадахгүй болтол зодсон. Харин би гудамжинд хэвтэж байхад маажиг Сувдаа (биеэ үнэлэгчдийг зуучилдаг эмэгтэй) гэдэг хүн намайг олж, гэртээ хэд хоног байлгасан. Дараа нь биеэ үнэлэхийг шаардаж одоо гурван жил болж байна” гэсэн юм. Эндээс харахад нийгмийн амьдрал архигүйгээр урашлахгүй болжээ.
Биеэ үнэлэгчдийн үнэ ханш ямар байдаг талаар дурдаад ч хэрэггүй байх. Мэдээж янз бүр. Гадаа зогсдог, дуудлагаар үйлчилдэг, саунд массажистаар ажилладаг эмэгтэйчүүд бүгд өөр үнэтэй. Мөнхийн сэдэв болсон гэж болохоор бие үнэлэгчдийн тухай шинэ зүйл болж байгаа нь “жирэмсэн биеэ үнэлэгч”. 35 настай Б.Б энэ тухай хэлэхдээ “Би дөрвөн жил энэ ажлыг хийж байна. Одоо таван сартай жирэмсэн. Харъяа дүүргийн эмнэлэгтээ үзүүлэхэд үр хөндүүлж болно гэж хэлсэн. Хэд хоног ажиллаад мөнгөтэй болохоороо хүүхдээ авахуулна” гэж хэллээ. Хэний хүүхэд болохыг нь асуухад “Мэдэхгүй” гэсэн. Анх удаа энэ үгийг хэлээгүй нь царайнаас нь мэдэгдлээ.
Харин насанд хүрээгүй охид БГД, СХД, БЗД-т байрлах зочид буудал, саунд ихэвчлэн байрладаг, цагдаагийн газар бүртгэлтэй олон хүн байдаг гэдгийг хэлж байв.
Ганцхан шөнийн дотор өрнөсөн нийслэл хотын амьдралын нэг хэсэг энэ байлаа. Биеэ үнэлэлтийг таслан зогсооход хууль хүч хүрэхгүй болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Тэд өнөөдөр баригдсан ч маргааш гараад орой нь ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Сэтгүүлч нар үзгээ мохоож, гараа цуцтал бичсээр, цагдаагийнхан нойргүй хонон байж тэмцэж байгаа ч нийгмийн ороо бусгаа байдал, хуулийн цоорхой цэгцэртэл энэ үзэгдэл бидний амьдралд оршин тогтносоор байх болно. Үүнийг дагаад олон хүн хоолтой залгаж байна. Нэг л мэдэхэд бие үнэлэлт бизнесийн таатай орчин болсон байхад гайхах зүйлгүй болов уу.
Г.Төмөр