Хүн хоолгүй сар шахам амьдарч чаддаг бол нойргүй хүн хэд ч хонолгүй “чад” хийнэ. Хүн амьдралынхаа талыг нь унтаж өнгөрөөдөг гээд бодохоор нойр гэдэг хичнээн чухал болохыг хэлээд өгөх биз.
Харин хаашаа харж хэрхэн унтаснаараа тухайн хүн орчлон ертөнцтэйгөө зөв, буруу энергийг солилцож байдаг. Эрт дээр үед монголчууд голынхоо эх рүү толгойгоо харуулж унт гэдэг байсан нь зүгээр нэг мухар сүсэг биш болохыг эрдэмтэд хэдийнээ баталсан. Усны урсгал нь тодорхой хэмжээний зөв энергийг ялгаруулж соронзон долгион бий болгодог бөгөөд үүнийг дагаж унтах нь бат бөх нойрсоход төдийгүй бие махбодийн энергийн тогтолцоонд эерэгээр нөлөөлдөг. Эртний хятадууд толгойгоо хойд зүг харуулж унтахыг сургадаг байж. Ийм зан заншил манайд ч бий. Манайхан гэрээ урагшаа харуулж барьж толгойгоо хойшоо харуулж унтдаг. Энэ нь дэлхийн соронзон орны дагуух байрлал учраас бие махбодид хамгийн тустай байрлал. Орчин үед байр сууцанд хаашаа ч хамаагүй харж унтдаг болсон нь тийм ч сайн зүйл биш. Ороо хаана байрлуулахаа мэдэхгүй байгаа бол эхлээд байрандаа муур оруулж муурны хэвтэж байгаа газар толгойгоо тавихаар орныхоо байрлалыг сонговол зүгээр гэнэ. Муур био соронзон орныг сайн мэдэрдэг амьтан учраас тухайн газрынхаа хамгийн эерэг энергитэй газар очиж хэвтдэг аж. Эртний мэргэн үгэнд язгууртнууд баруунаараа мэргэд зүүн талаараа хажуулдан нойрсдог гэдэг. Харин Арабууд бурхан дээшээ, ад чөтгөр доошоо харж унтдаг гэдэгт итгэдэг байжээ. Энэ цэцэн үг үнэн гэдэгтэй судлаачид санал нэгддэг. Учир нь доошоо харж унтах нь булчин шөрмөст муугаар нөлөөлж зөв амьсгалахад төвөг учруулдаг. Судлаачдын үзэж байгаагаар өвдгөө бага зэрэг нугалан зүүн талаараа хажуулдан унтах нь хамгийн зөв байрлал юм байна. Биеийн идэвхтэй хөдөлгөөн тодорхой хэмжээний ачаалал бат бөх нойрсох үндэс болдог.