Хүсэл бүхэн чинь биелэх болтугай
Хүлээсэн хүн чинь ирэх болтугай
Хайсан бүхнээ олох болтугай
Хайрласан хүндээ очих болтугай
Санасан бүхэн чинь бүтэх болтугай
Салаа мөчир шиг жимслэх болтугай
Сайн хүн чинь ирэх болтугай
Саглагар мод шиг үндэслэх болтугай
Бодох төдийгөөр биелэх болтугай
Болзох төдийгөөр дотносох болтугай
Ашдын заяа чинь тэгширэх болтугай
Алсын зам чинь гэрэлтэх болтугай
Зорьсон үйл чинь бүтэх болтугай
Зохих зүтгэл чинь үнэлэгдэх болтугай
Амин хүсэл чинь биелэх болтугай
Амжилт бүтээл чинь дэлгэрэх болтугай
Айл гэр бүрэлдэх болтугай
Алтан хэлхээ батжих болтугай
Амар амгаланг олох болтугай
Аз жаргалыг эдлэх болтугай
Зовхи чинь үргэлж өөдөө болтугай
Зол чинь өнөд гийх болтугай
Хийморь үргэлж дээшээ болтугай
Хэлбэр цагтаа гуалиг болтугай
Сэтгэл өнөд цэлмэг болтугай
Сэргээх эрчим хайрынх болтугай
Хайр мөнхөд ариун болтугай
Халамж энэрэл сэтгэлийнх болтугай
Баяр хөөрөөр цалгим болтугай
Багахан гуниг ч үгүй болтугай
Бахдам гавьяагаар бялхам болтугай
Бардамнал өчүүхэн ч үгүй болтугай
Найз нөхөд хүрээлэх болтугай
Нарны гэрэл шиг илчтэй болтугай
Цэцэн ухаантнууд бүчих болтугай
Цэнгэг горхи шиг ундарга болтугай
Бие лагшин чинь эрүүл болтугай
Билэг оюун чинь саруул болтугай
Орлогын сан чинь арвин болтугай
Оюуны сав чинь цүлх болтугай
Сайн үйлс дэлгэр болтугай
Садан төрөл амар болтугай
Ерөөл бүхэн биелэх болтугай
Ертөнц даяар хайрлах болтугай
Б.МӨНХ-ОРГИЛ
2017.05.15-нд