Гэр бүлгүй, гоонь бие хүмүүс ганцаардах, зожигрох нь их байдаг. Ажил, гэр гэсэн нэгэн хэвийн амьдрал эцэстээ ямар ч сонирхолгүй, утгагүй санагдаж, стресс бухимдалд өртөх нь ч бий. Харин танд зөвлөхөд, та энэ гоонь байдлаа өөрт ашигтайгаар эргүүлж болох боломж байгааг бүү алдаарай.
- Нэг. Өдөр бүр мэдлэгтээ гурван цагийг зориул: Хэл сурах, ном сэтгүүл унших, танин мэдэхүйн хүрээгээ өргөжүүл.
- Хоёр. Үргэлж шинийг эрэлхийлж, эрч хүчтэй бай. (Лекц клубуудыг сонирхож, курс дугуйланд хамрагдах) Боломжоо ашиглах нь танд давуу талуудыг олгоно,
- Гурав. Танилын хүрээгээ өргөжүүлж бай. Эвсэг найрсаг харьцаа тогтоохоос бүү халшир. Харьцаа холбооноос л жинхэнэ үерхэл хайр сэтгэл эхэлдэг шүү дээ.
- Дөрөв. Цаг заваа дэмий зүйлд зарцуулах хэрэггүй.Татлаа түлхээгүй энэ байдал чинь таны давуу тал. Иймд өөртөө ашигтай ажлын хувилбар судлах, мэргэжлээ дээшлүүлэхэд анхаар.
- Тав. Биеийнхээ эд эс бүрийг, нүүрний арьс, дотоод эрхтэн тэр ч байтугай хөлийн хумсаа арчлан торд. Тэгснээр та сэтгэл хангалуун өөртөө итгэлтэй алхах болно.
- Зургаа. Сэтгэл гутралд бүү авт. Хэн ч тоохгүй байна, хэний ч хувьд би чухал хүн биш гэх мэт хар бараан бодлыг толгойноосоо авч хая. Та бол хэнтэй ч адилгүй. Өөрийн онцлогтой хувь хүн.
- Долоо. Моод дуурайхаас бүү ай. Давуу талаа ашиглан зоримог алхам хий. Магадгүй энэ таны өвөрмөц хувцаслалт. Эсрэг хүйстэний анхаарлыг татах ч юм билүү.
- Найм. Гарын дүйтэй бол. Жижиг хэрэглээний юу ч бай өөрчилж янзал. Ингэвэл амьдрал илүү сонирхолтой болно. Мэдлэг чадвар дутагдаад байвал холбогдолтой ном сэтгүүл унш.
- Ес. Төрөл бүрийн амттай хоол хийж сур. Зоримог туршилт хийхэд хэн ч танд саад болохгүй. Энэ нь хожим танд хэрэгтэй.
- Арав. Шинэ кино, концерт үзвэрийн нээлтэнд очиж бай. Энэ нь танд амьдралын гойд сайхан эрч хүч өгнө. Хамгийн гол нь юуг хамгийн сайн хийдгээ мэдэж авах. Тэгээд тэр зүйлээ л хий. Бүхнийг төгс байлгах гэж бүү хичээ. Зүгээр л амьдралаа мэдэр… Ганцаардал нь тоонд биш сэтгэлд байдаг зүйл гэдгийг ойлго.