Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Б.Одончимэг: Театрын эхний шалгаруулалтдаа унаж байлаа

$
0
0

Үзэгч олонд сэтгэлийн цэнгэл эдлүүлэх гайхамшигт бүтээлүүдийн эзэн болсон жүжигчдийн хөдөлмөрийг магтахгүй байхын аргагүй. Тэдний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үнэ цэнэ үзэгч олны алга ташилт, баяр баясалд бий. “Time to talk” булангийнхаа өнөөдрийн зочноор УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэгийг урилаа.

Театр, тайзны тухай бодохоор яагаад ч юм ард нь маш их хөл хөдөлгөөн, эрч хүч мэдрэгдэх шиг болдог юм. Таны ажил ч гэсэн тийм эрч хүчээр дүүрэн өнгөрдөг байх даа?

Сургуулилтаас сургуулилтын хооронд ер нь хөл хөдөлгөөн ихтэй шүү. Манайхан чинь ачаалал аваад сурчихсан хүмүүс байдаг. Дараагийн үзэгдлийнхээ бэлэн байдлыг хангаад хэсэгтээ л бужигнана. Төлөвлөгөөнийхөө дагуу уран бүтээлийн ажлаа хийгээд явдаг болохоор жаахан ачаалалтай байна. Манай уран бүтээлчид Дорнод аймгийн үзэгчдэдээ “Ромео Жульета”, “Царцаа намжил” гэсэн хоёр жүжгээ толилуулахаар явсан. Энэ сарын 28-наас Дархан, Эрдэнэтээр явахаар төлөвлөөд байна.

Хэний ч мэдэхгүй Одноог анх ямар уран бүтээл нь олны танил болгосон гэж боддог вэ?

Шууд л “Аз жаргалын шок” гэж оноож хэлмээр байна. Би чинь театрын жүжигчин болоод дөрвөн жил болчихсон байсан үе л дээ. Тайзны жүжигчинг зөвхөн театрын үзэгчид л мэддэг. Харин кино бүтээл бол өөр юм билээ. Кино театрууд, хөдөө орон нутаг, айл гэр бүрийн дэлгэцээр хүртэл гарах учир хүнд хүрэх нь илүү гэмээр юм уу.

Бид чинь тэр болгон аймгийн театрт очиж тоглоод байх боломжгүй. Харин дэлгэцийн уран бүтээл маш том пи-ар гэдэг нь ойлгомжтой. Намайг “Аз жаргалын шок” – д тоглосны дараа хүмүүс илүү мэддэг болсон. “Өө энэ чинь театрын жүжигчин юм уу” гээд л.

Та театраараа овоглодог хэдий ч энэ кинонд тоглохоосоо өмнө бас хэд хэдэн кинонд дүрээ үлдээсэн санагдаад байх юм?

Яахав “Аз жаргалын шок” бол миний анхны гол дүр бүтээсэн кино болохоор үзэгчдэд илүү хүрсэн байх. Энэ кинонд тоглосныхоо дараа өмнө нь ийм ийм кинонд тоглож байсан гээд хэлэхээр хүмүүс санадаг.

Тайзны жүжигчин дэлгэцийн бүтээлд тоглоход ямар мэдрэмж төрдөг вэ? Бэлтгэл сургуулилт, зураг авалт гээд л…

Багш нар маань биднийг төгстөл дэлгэцийн уран бүтээлд тоглуулах их дургүй байсан. Сурсан зүйл чинь болоогүй байна гээд л зэмлэнэ. Нэг бодлын зөв л дөө. Гэхдээ жүжигчнээр сурч байгаа бидэнд бага багаар дэлгэцийг мэдэрч, туршлага хуримтлуулах сонирхол их байсан.

Оюутан байхдаа ах эгч нарынхаа гуйлтаар кинонд тоглоно гэдэг их гоё л доо. Чадсан чадаагүй хамаагүй эндээсээ сурна. Бид “Алтан үе” гээд ярьдаг. Тэднийхээ дэлгэцийн бүтээлээс харж суралцаж, тэжээгддэг. Ингэж харьцуулах зүйлгүй байсан бол бид юунаас суралцах вэ. Жүжигчдийнхээ сайн муу талыг харж, өөрийгөө бий болгодог гэхүү дээ. Гэхдээ хэн нэгний хуулбар биш. Одончимэгийн хувь хүн ямар вэ, ямар жүжиглэлттэй, ямар жанрт илүү тохирох гээд л өөрийгөө бий болгож яваа залуу уран бүтээлч.

Драмын театрт жүжигчнээр үлдэнэ гэдэг дөнгөж төгссөн оюутнуудад өндөр босго байх. Яаж яваад амьдралаа энэ театртай холбочихов?

Би эхний шалгаруулалтдаа унаж байлаа /инээв/.  Тэр үед манай үеийнхэн бүгд зэрэг шалгаруулалтад орсон юм. Хонхны баярын маргааш нь шалгалт товлогдчихсон байсан. Бид чинь хөөрч догдлоод бүгдээрээ нь хоолой таг болчихсон. Харин манайхнаас жүжигчин Баттөр маань л тэнцэж байсан. Эхний шалгаруулалт дууны шалгалт байсан болохоор цаашаа явах ямарч боломж байгаагүй л дээ. Арван хэдүүлээ хусагдаж байлаа шүү дээ.

Харин дараа нь 2008 онд шалгалтад ороод дагалдан жүжигчнээр үлдэн хоёр жилийн хугацаанд суралцаад 2010 онд үндсэн жүжигчин болсон. Театрт ороод нэг шалгалт, дараа нь студийн шалгалт өгч байж үлдэх эсэхээ шийдүүлнэ. Шалгалтуудаа даваад үндсэн жүжигчин болох хамгийн гоё мэдрэмж байсан.

Би театрт үндсэн жүжигчин болоод есөн жил болж байна. Шинэ уран бүтээл дээр ажиллаж эхлэхэд уран сайхны зөвлөл томилогддог. Гадаад, дотоод хяналт гэж бас бий. Бүх л жүжигчинд дүн тавина. Байнга шинэ бүтээл бий болгохын тулд дипломын ажил хийсэнтэй тэнцэхүйц судалгаа хийж, үзэгчдэд бүтээлээ хүргэдэг.

Ер нь театрын жүжигчин болоход мэргэжлийн чадвараас гадна, хувь хүний талаасаа ямар байх ёстой вэ?

Манай нэг уран бүтээлчийн хэлсэн үгийг би сэтгэлдээ үргэлж тээж явдаг. “Жүжигчин мэргэжилд хайртай байж болно. Гэхдээ уран бүтээлч хүн хайртай гэхээсээ илүү сэтгэл, зүтгэлтэй байж жүжигчин болно” гэж хэлсэн юм. Урлагт хайртай, жүжигчин мэргэжилд дуртай зөндөө олон хүн байдаг. Дуртай хайртай хүмүүс ондоо. Харин тэрнийхээ төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй хүн л жүжигчин болж чадна гэдэг бол үнэн.

Би оюутан байхдаа хичээл болгоноо энэ бол миний ирээдүйд хоолоо олж идэх чухал зүйл гэж бодож, хичээлдээ оролцдог байлаа. Цаг барьж шаргуу хөдөлмөрлөсний минь үр дүнд амьдрал намайг шагнасан. СУИС-ийн бүх төгсөгчид урлагт хайртай болоод л төгсдөг. Тэднээс хэд нь цэвэр жүжигчин болох вэ гэдэг үнэхээр эргэлзээтэй. Бүгд урлагт хайртай, жүжиг кино гоё гээд л явж байсан. Хэсэг хугацааны дараа хүмүүст би мартагдана. Харин тэр болтлоо өөрийнхөө байр суурийг бататгах юмсан л гэж боддог.

Урлагт өөрийн өнгө төрхөө тогтоох гэж золиосолсон зүйл бий юу?

Өнгөрсөн цаг дээр яримааргүй байна. Бүх уран бүтээлчид одоо ч гэсэн золиос гаргаж яваа. Би яагаад золиос гээд байна вэ гэхээр бид өөрсдийгөө хэзээ ч баярлуулдаггүй. Бүх баяр ёслолоор дандаа ажлаа хийж явдаг. Валентин, Март, Цэргийн баяр, төрсөн өдөр гээд бүх л тэмдэглэлт өдрүүдэд нэг л мэдэхэд ажлаа хийгээд байж байдаг. Хүүхдийнхээ төрсөн өдрөөр яаж баярлуулах вэ гээд бодчихсон байхад л тухайн өдөр тоглолт зоогдчихсон бол ямар ч арга байхгүй. Энэ чинь улсын хэмжээний ажил учраас хэзээ ч хувийн амьдралаа тэргүүнд тавьж болохгүй. Урлагтай холбогдсон хүн бүр байнгын золиос гаргаж явдаг.

Олны танил байна гэдэг эмэгтэй хүнд их хэцүү юм шиг ээ. Таних танихгүй хүмүүсийн амны зугаа, ярианы сэдэв болох гэх мэт. Амьдралд нь урам хугармаар шүүмжлэл, яриа гарч байв уу?

Надад тийм юм тохиолдож байгаагүй. Магадгүй би өөрөө тоодоггүй байх л даа. Олон нийтийн дийлэнх нь туйлшрамтгай. Хувь хүнийг нь мэдэхгүй байж жаахан сэдэв гарахаар л өөрсдийнхөөрөө таамаглаад л ярьж эхэлдэг. Тэр битгий хэл надтай ер танил биш хэрнээ миний нэрийг бариад өөрт хэрэгтэй зүйлдээ ашиглачихсан тохиолдол хэд хэдэн удаа гарч байсан л юм. Хэрэв надад бусад уран бүтээлч хүүхнүүдэд тохиолддог шиг олны үг ортой гээд л хөгийн үг гаргачихаад хэл аманд орооцолдуулаад байвал  мэдээж онцгүй л дээ.

Ажаад байхад энэ нийгэмд эмэгтэй хүнийг л илүү шүүж хэлэлцдэг болжээ. Яригдсаар л байдаг нэг том сэдэв ч юмуу?

Ямар хүнийг гоочилж өөлөх вэ гэдэг бас сонин л доо. Тухайн хүний ухамсар, биеэ авч яваа байдлаас шалтгаална. Буруу алхам хийгээд байвал хүнд буруу л харагдана. Үг хэл, үйл хөдлөлөө бодох л хэрэгтэй.

Би гэхдээ урлагийнхнаа их өмөөрдөг. Тэдний зовлонг мэддэг болохоор ч тэр юм уу. Үеийнхэндээ, гарч ирж буй дүү нартаа ч хайртай. Өөрийнхөө үеийг аль хэдийнэ тамгалчихсан ахмадууддаа ч хайртай. Хийсэн уран бүтээлийнх нь талаар л ярьж байх хэрэгтэй. Гэтэл яагаад заавал хүний хувийн сэдэв рүү ороод байдгийг ойлгодоггүй. Мэдэхгүй байж хамаа замбараагүй ярих бол байж болохгүй асуудал. Тэр хүний ямар зовлон туулсныг мэдэхгүй байж нийгэмд адлах ёсгүй. Уран бүтээлд хандах хандлага, бүтээсэн дүр нь мундаг байхад заавал муу зүйлсийг дурдаж унагах ямар шаардлага байна вэ… Хүнийг сайн харах тусам сайхан харагддаг гэж яг үнэн. “Энэ ч дээ” гэж харвал сайн хийсэн бүтээл нь ч сайхан харагдахгүй.

Таны амьдралдаа гаргаж байсан хамгийн зоримог шийдвэр юу байв?

Зоримог шийдвэр үү… би хэзээ ч жүжигчин болно гэж бодоогүй. Энэ мэргэжлийг сонгосон минь миний амьдралдаа хийсэн хамгийн зоримог шийдвэр. Хүмүүсийн өмнө гараад хоолой чичирдэг миний хувьд олны өмнө гараад дуулж бүжиглэж, уйлна дуулна гэдэг үнэхээр төсөөлөшгүй зүйл шүү дээ. Гэтэл би аавынхаа хүслийг гүйцээх гэж өөрийгөө эвдэж чадсан, бас хэзээ ч харамсахааргүй сонголт хийсэн.

Гаргасан дүрүүд чинь өөрийн тань төрөлх зантай хэр нийцдэг вэ?

Амархан гарчихдаг бүтээл гэж нэг ч байхгүй. Нойр хоолоо хугаслан байж бэлдэхээс эхлээд маш их хугацааг зарцуулдаг. Дүрээ бодож шаналана. Чи санаж байгаа байх. Эмэгтэй хүн эрэгтэй хүний характерыг гаргана гэдэг надад үнэхээр хэцүү байсан.

Таныг гэр бүлийнхээ талаар ярьж,  олонд хувийн амьдралаа дэлгэхээс айдаг гэж сонссон?

Хэл амнаас л холуур байхыг хүсдэг юм. Дэлгэх тусам л хүмүүсийн ярианы бай болно. Тэрний оронд огт мэдэхгүй байвал илүү амар. Намайг зөвхөн уран бүтээл хийж байгаа хүн гэж хараасай л гэж хүсдэг.

Нөхөр тань хэр дэмждэг вэ? Уран бүтээлч хүмүүсийн хувьд хамгийн гол түшиг тулгуур нь гэр бүл байдаг гэж олонтаа сонсож байлаа?

Дэмждэггүй байсан бол энэ хүртэл би алхаж чадахгүй л байсан болов уу. Хар багын нэгнээ мэддэг болохоор хэн хэнийгээ илүү ойлгодог. Оюутан байх үед сургууль дээрээ хонож өнжин бэлтгэл хийхэд нөхөр маань л хоол бариад ирдэг байсан. Тэгээд ч ер нь ойлгохоос өөр арга байхгүй. Жүжигчин эхнэртэй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л дээ. Тэрнээс биш намайг сонгох уу, урлагаа сонгох уу гэсэн яриа байж болохгүй.

Бага байхаасаа нэгнээ мэддэг гэлээ. Хамт сурч байсан юмуу?

Арван жилийн нэг анги л даа. Бид дунд сургуулиа төгсөөд үерхэж эхэлсэн. Одоо 13 жил болж байна. Зургаан настай нэг хүүтэй.

Авьяаслаг, царайлаг бүсгүйн хайр сэтгэл, хүндэтгэлийг хүлээсэн тэр азтай залууг онцолвол?

Эмэгтэй хүн болгон нөмөр нөөлөгтэй, түшиг тулгууртай эр хүн хүсдэг. Би нөхрөө ямар нэгэн эр хүнтэй хэзээ ч харьцуулж байгаагүй. Цаанаасаа надад заяасан нандин гэр бүлдээ сэв суулгахгүйхэн шиг амьдрах юмсан гэж боддог. Надад тэгээд ч нөхрөө харьцуулах жишээ байхгүй л дээ. Хар багаасаа юу ч мэдэхгүй гэнэн томоогүй үедээ учирсан болохоор гэр бүл минь надад дэндүү үнэ цэнэтэй.

Арван жилийн гэснээс дурсамж дүүрэн л байгаа байх. Нэг ангийн хоёр ангийнхантайгаа хэр их холбоотой байдаг вэ?

Ангийнхаа 10 охинтой нийлдэг байлаа. Одоо ч гэсэн дотны найзууд. Тус тусынхаа амьдралыг хичээж байгаа ч гэсэн бид чинь нэгнээ алган дээрээ тавьсан юм шиг мэддэг болохоор бүх л зүйлд хамт байдаг. Одооны хүүхдүүдийн харилцааг мэдэхгүй юм. Бидэнд чинь дурсгалын дэвтэр, элдэв тэмцээн уралдаанд орсноос эхлээд олон дурсамж бий. Хичээлээ тараад л дээс, резин, баавгайн чих, чирта тоглодогсон. Харин одоо гадаа тоглож байгаа хүүхэд ер харагдахаа байжээ.

Урлагийнхан олон танилтай байдаг. Багагүй олон фентэй ч байх. Таныг хардах үе бол гарна л биз?

Эр хүн л болсон хойно хардах үедээ хардалгүй л яахав. Зарим бүтээл дээр өөр эртэй үнсэлцэх, тэврэлдэх шаардлага гарна шүү дээ. Тэр болгоныг гэр бүлийн хүн ойлгохгүй бол яаж амьдрах юм бэ /инээв/.

Өдий олон жил амьдарчихсан бид хоёрт нэгнийхээ сэтгэлд сэв суулгах юу л гарахав дээ. Зарим хүмүүс “Урлагийн гэр бүлүүд илүү амар, нэгнийхээ мэргэжлийг ойлгодог” гэж ярьдаг. Гэхдээ урлагт хайртай, эхнэрийгээ дэмждэг хүмүүс зөндөө байгаа. Ер нь бодит байдлыг л ойлгуулах хэрэгтэй гэж боддог. Би ийм л ажилтай хүн гэдгээ хэлдэг. Би хэзээ ч хардалтаас болоод эрэгтэй найз нараасаа холбоогоо тасалъя гэдэг хүн биш. Надад маш олон найзууд бий. Тэгээд ч урлагийнхан олонтой харьцдаг хүмүүс учраас тэр талаас нь ойлгох хэрэгтэй. Би нөхөртөө тэгж л ойлгуулдаг. Жижиг асуудлаас том асуудал үүснэ. Жижиг сажиг юмыг тэнд нь л үлдээдэг. Би дотроо элдэв бухимдал тээх дургүй.

Арван гурван жилийн турш амьдралаа баттай сайхан авч яваа гол хүчин зүйлээ юу гэж хэлэх вэ?

Бүх сайхан гэр бүлийн бат бэх холбоо бол хүндлэл гэж бодож байна. Хүндлэл дээр итгэлцэл, хайр бүх юм тогтдог юм болов уу. Би ээж хүн, би аав хүн гэдгээ хүлээн зөвшөөрөөд тус тусдаа хариуцлагатай байвал гэр бүл дээсэн дөрөөн дээр дэнжигнээд байхгүй. Гэр бүлийг өнгөлдөг гол зүйл бол хүүхэд. Үр хүүхэд бужигнах тусам гэр бүл жаргалтай. Олон хүүхэдтэй найзууд маань хүүхдүүдээсээ болж маргалдах зүйл их гардаг гэдэг. Харин ч эсрэгээрээ хоёрхон биенээ хараад суувал амьдрал утгагүй.

Айл гэрийн өнгөтэй өөдтэй амьдрал эмэгтэй хүнээс шалтгаалдаг гэдэг үгтэй хэр санал нийлдэг вэ?

Би тэр үгийг ерөөсөө ойлгодоггүй. Яагаад зөвхөн эмэгтэй хүнээс шалтгаална гэж. Эхнэр нөхөр амьдралаа авч явахын тулд хоёулаа тэнцүү үүрэг хүлээх ёстой. Эхнэр нь зүтгээд л байдаг нөхөр нь арчаагүй бол тэр гэр бүл яах юм. Амьдралд ухаантай л хандах хэрэгтэй. Эрэгтэй хүн хэтийн төлөвлөгөөтэй байх ёстой. Би нэг удаа нөхрөөрөө маш их бахархаж бас гайхаж байсан. Хүү маань хоёр гуравхан настай л байсан юм. Багш нь “Манай хүүхэд ирээдүйд 25 насандаа” гэсэн төлөвлөө бичих даалгавар эцэг эхчүүдэд өгсөн. Тэгээд л би цаас гаргаад нөхөртэйгөө бичихээр болтол нөхөр маань хүүхдийнхээ 25 хүртэлх бүх зүйлийг бодчихсон байсан. Би чамд хэлээд өгье, чи бич гэхээр нь маш их гайхсан. Ээжүүд хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулаад л, даган дуурайгаад, хүнээс илүү гаргачих гээд жижиг сажиг зүйлд ач холбогдол их өгдөг. Гэтэл аав хүн хэтийн зүйлийг нь бодчихсон байдаг юм билээ. Одоо хүүгээ сургуульд орохоор аав нь л хичээлийг нь сайн хийлгэх байх даа.

Гал тогоондоо хормогчоо зүүсэн ч юмуу, гэртээ байгаа Одноогийн тухайд?

Миний гэрт байх хугацаа их ховор л доо. Гэртээ ер нь ороод л гардаг. Харин надад зориулагдсан амралтыг гэртээ байхаасаа илүүтэй гэр бүлээрээ салхинд гарах, кино үзэх, найз нөхдөө гэртээ урих, тэднийхээрээ зочлох гэх мэтээр арай өөрөөр өнгөрүүлэхийг хичээдэг. Яахав хааяа гэрээсээ хаашаа ч гармааргүй өдөр байдаг. Тэр өдрөө юу ч хийлгүй хэвтээд л эсвэл цэвэрлэх үе ч байна. Ер нь тааваараа байх дуртай. Хоолыг бол хобби хөдөлвөл л хийнэ дээ. Надад бүтээлч гэрийн эзэгтэй нар их гоё санагддаг. Хүүхэддээ өөрийн гараар гоё торт хийж өгдөг ч юмуу гэртээ илүү их цаг зарцуулдаг бүсгүйчүүдийг хүндэлдэг.

Хүүхэд гэснээс хүүгээ хэрхэн хүмүүжүүлж байна вэ?

Хүнд суурь хүмүүжил маш чухал. Надад тийм туршлага байхгүй л дээ. Гэхдээ явцын дунд хүүхдэд маань юу шаардлагатай байгааг нь л ойлгохыг хичээдэг. Хүнд сэтгэл санаагаа бүрэн ойлгуулахыг л хүүдээ хэлж өгдөг. Худлаа ярих үед нь хөөргөж хийсвэр сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор цааш нь яриулах дуртай. Хааяа хүүдээ сургамжит өгүүллэг уншиж өгнө. Аар саархан зүйлээс эхлээд л хүүтэйгээ их ярилцдаг даа.

Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

Иог бассейнд явах дуртай. Ер нь байнга л спортоор хичээллэж биедээ анхаарахгүй бол болохгүй. Заавал өөртөө зарцуулах ёстой цаг гэх үү дээ. Хичнээн завгүй байсан ч гэсэн өөрийгөө хайрлаад долоо хоногтоо нэг удаа ч юмуу массажинд орох ёстой. Сүүлийн үед зөв хооллолтын талаар сонирхож, судалж байгаа.

Та юунд дуртай вэ? Цуглуулдаг зүйл бий юу?

Цуглуулга байхгүй ээ. Би багадаа өөрөө бяцхан ном хийдэг байсан. Цаасаа хайчлаад л зурна, оёно. Барбиндаа бас хувцас оёдог байсан. Одоо тэднийгээ хадгалж байхгүй яав даа гэж боддог шүү.

Ийм их ачааллын дунд стрессдэх үе олон л гардаг байх. Сэтгэлээр унасан ч юмуу тавгүй үеэ хэрхэн давж гардаг вэ?

Иог дээрээ очихоор их сайхан болдог. Багш маань их сайхан зүйл ярьж өгдөг болохоор тийшээгээ л гүйчихдэг. Би ер нь элдэв хэрэггүй бодол тээх их дургүй. Тэгж их сэтгэлээр унаад ч байхгүй ээ. “Хийвэл бүү ай” гэж. Ямар нэг зүйл бодсон бол эрсдэлийг нь давхар бодох хэрэгтэй. Харамсахгүй байх л чухал санагддаг.  Би эргэж буцсан занд ёстой дургүй.

Энэ жилийн “Яг түүн шиг” шоунд уригдсан гэж сонссон. Яагаад оролцсонгүй вэ?

Бүхэл бүтэн хоёр сарыг тэр шоунд зарцуулах хэрэгтэй байсан. Уран бүтээлд орчихсон байсан болохоор давхцаад оролцох боломжгүй байлаа. Ер нь бол нэг юманд орсон бол тултал нь хийгээд, орсон шиг орвол гоё шүү дээ. Шоунд оролцогчдоо хараад их бахархдаг. Ням гараг бүр хүлээдэг, үзэх дуртай шоуны нэг.

Ярилцсан Э.Сайнзаяа

TIME.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>