
Өөрөө өөрийгөө ялан дийлэх хамгийн хэцүү гэж эртний хаад зүгээр ч нэг хэлчихээгүй биз. Яагаад гэвэл дайны талбарт бүх цэрэг нь эрсэдчихээд байхад ялалт байгуулж чадна гэж өөрөө өөрийгөө итгүүлж хэдэн зуун дайсны эсрэг ганцаараа зүтгэх нь утгагүй хэрэг. Яг л үүнтэй адилхан.
Бид өөртөө худал хэлж болохгүй. Өөртөө хэлсэн худал үг бүхэн маань биднийг уруудуулж, доройтуулж байдаг. Жишээ нь, та турахаар шийдсэн бол өөх тостой, шарсан хуурсан хоолноос татгалзах нь хамгийн чухал. Гэтэл “Ганц л удаа идчихье. Дараа энэ хоолыг идэхгүй” гэж өөртөө өдөр бүр хэлсээр, идсээр байвал та хэзээ ч турахгүй. Үүнийхээ оронд “Одоо л хичээхгүй бол, одоо л эхлэхгүй бол хэзээ ч чадахгүй” хэмээх хамгийн чухал үнэнийг үргэлж санаж явбал та гарцаагүй хүссэн жиндээ очиж, хүссэн үр дүнгээ амсана.
Хувь тавиланг бид заримдаа хуурч чадна гэж боддог. “Үхсэн загасыг шарж байхад нүд нь харж л байдаг“ гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Загас хэзээ ч нүдээ аньдаггүйн адилаар хорвоо дэлхий юуг ч мартдаггүй. Хэзээ нэг цагт шанг нь заавал өгдөг. Тиймээс бусдын нүднээс далдуур үйлдэл хийж, ертөнцийг хуурч чадсан гэж бодвол түүн шиг эндүүрэл гэж үгүй. Хувь тавилан яг л загасны нүд шиг бүгдийг харж байдаг.