
Тэр бүү хэл залуухан монгол эмэгтэй морь унаад талын хөх чоныг тэнзэн ташуураар цохиод унагачихсан түүх малчдын дунд цөөнгүй бий.
Монголын баруун хойд хязгаарт зохиогдсон Казахын ард түмний хосгүй уламжлалын нэг болох бүргэдийн баяраар 80 гаруй эрийг ардаа орхиж түрүүлсэн жаахан охин Нургайвын Айшолпаны талаар дэлхийн хэвлэл мэдээллүүд шуугьж эхэлсэн цаг саяхан мэт. Израилийн гэрэл зурагчин Ашер Свиденски “Бүргэдийн баяр”-ын үеэр нэг гар дээр шувуугаа суулган өндөр хавцал дээр алсын харуулдан зогсоо Айшолпан охины зургийг барууны томоохон хэвлэлүүдэд илгээснээр түүний түүх эхэлж бяцхан охин дэлхийн хүн болсон билээ.
Харин найруулагч Отто Белл, Айшолпаны амьдралаар бүтээсэн “Бүргэдийн анчин охин” баримтат кино Сандэсийн олон улсын кино наадмаар нээлтээ хийсэн даруйдаа судлаачид хийгээд үзэгчдийн сайн, муу олон сэтгэгдлүүдийг араасаа дагуулсан билээ. Үүний дараагаар олон улсад очин киноны нээлтэнд оролцож, нэр хүнд улам бүр өссөн хэдий ч Айшолпаны даруухан инээмсэглэл, цэвэр ичимтгий цагаахан сэтгэл нь бардам зангаар солигдоогүй нь гайхалтай хэрэг. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж асан Клинтон, алдарт жүжигчин Умма Турман нартай хамт “Harper’s Bazaar” сэтгүүлийн “Эрэлхэг эмэгтэй” жагсаалтанд хүртэл багтсан. Өвлийн хүйтэн салхи уулын оройд улин исгэрч байхад дөрөөн дээрээ өндийж найман килограмм жинтэй бүргэдийг шуун дээр өргөөд явж буй түүнийг “хүчирхэг” гэхээс өөрөөр хэрхэн тодорхойлох билээ.
Гэтэл түүний тухай баримтат киног Их Британийн кино академи үнэлж, “BAFTA 2017” шилдэг баримтат киноны төрөлд нэр дэвшүүлэсэн бол Америкийн кино академи буюу Оскарт өрсөлдөх боломжгүй гэж үзжээ. BBC сайтад гарсан “Is the Eagle Huntress really a documentary?” нийтлэлд нэгэн шүүмжлэгч тус киног “үлгэрийн баримтат” кино хэмээн дүгнэсэн байна. Мөнхүү зарим судлаачид баримтат бус, тавилттай кино гэж үзжээ. Гэвч үүнтэй санал үл нийлэх хүмүүс ч бас байгааг хэлэх хэрэгтэй. Яагаад санал нийлэхгүй байгаа талаарх шалтгааныг өгүүлье.
Шалтгаан нэг
“Үлгэрийн баримтат кино” гэж тодорхойлсноос үзвэл Айшолпаны дүр, киноны үйл явдлыг зохиомол гэсэн санаа илхэн харагдана. Магадгүй бүргэдийн өд л унадаг өндөр хясааны оргилд гарч зулзагыг нь үүрнээс авч буй охины дүр барууныханд хэт хуурмаг мэт санагдсан байж болно. Энэ талаар найруулагч Отто Бэлл “Охин үүрнээс бүргэдийн зулзагыг авдаг хэсгийг би анхны оролдлогоороо л авсан гэдгийг хүмүүс сонсоод гайхдаг. Сурталчилгаа авдаг байсан туршлага маань тус болсон л доо. Дэлгэцэн дээр харж буй зүйлс чинь байж байгаа нь л тэр” хэмээн ярьсан байна.
Бидний ёс заншил, дэлхийд ганцхан байдаг давтагдашгүй соёл, монгол хүний тэсвэр хатуужил, хадат уулыг туурайгаа эмтэлж туулдаг морьд, энэ бүхнийг суурин иргэншлийн хүмүүс ойлгож, хүлээж авахад бэрх. Гэвч үнэндээ энэ бүх Монголчуудын ахуйн бодит, үнэн дүр зураг билээ.
Английн залуу жүжигчин Дэйзи Ридли тус баримтат киног хүүрнэдэг. Айшолпан охины түүх сэтгэл хөдөлгөм зураг авалтуудаар дүүрэн. Киноны гол дүр болох улаан хацартай, 13 настай Н.Айшолпан охинд аав нь хэрхэн бүргэдээр ан хийхийг зааж өгнө. Бүргэдээр ан хийх нь голцуу эрчүүдийн хийдэг ажил бөгөөд Айшолпан охин жил болгон Баян-Өлгий аймагт зохиогддог бүргэдээр ан хийх тэмцээнд түрүүлж, олныг гайхшруулдаг. Энэ бүхэн зохиомол бус гэдгийг тус баярын сурвалжилсан дэлхийн хэвлэл мэдээллийнхэн хүртэл мэдэж буй.
Шалтгаан хоёр
“Telegraph” сонины сэтгүүлч Тим Роби, радиогоор удахгүй болох бүргэдээр ан хийх тэмцээний талаар сонссон Айшолпан охин эцэг эхээсээ тус тэмцээнд оролцох зөвшөөрөл авах гэж байгаа хэсгийг хэт тавилттай хэмээгээд “Урьдчилж сайтар төлөвлөсөн тавилт юм. Айшолпан охиныг ингэж жүжиглүүлсэнд харамсч байна” хэмээн ярьжээ. Ер нь киноны харилцан ярианууд урьдаас сайтар бэлтгэгдсэн байсан гэж үзсэн байна.
Юун түрүүнд энэ бол “баримтат кино” гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Найруулагч өөрийн сонгосон дүртэйгээ харилцан ярилцаж, юуг онцолж хүмүүс хүргэх тухайгаа шийднэ.
Бүргэдээр ан хийж давтагдашгүй соёл, ан хийж буй хүмүүсийн дүрийг кадр бүрт авч, Алтайн хүмүүсийн ярисан түүх болгоныг багтаана гэвэл жинхэнэ үлгэр болно. Кинонд үзүүлэх гол санаа л хамгийн чухал. Тэгээд ч Оскарын шагналт, Италын алдарт найруулагч Федерико Феллинин “Кино бол сайтар төлөвлөсөн аялал” гэж хэлснийг барууны үзэгчид өөрсдөө сайн санаж буй биз ээ.
Шалтгаан гурав
Айшолпанд жүжиглэх шаардлага байсангүй. Учир нь кинонд түүний өдөр тутмын амьдралын хэв маяг гардаг. Бүргэдээр ан хийх, аавдаа үнсүүлэх, өвөөгөөсөө адис авах, мориор давхих зэрэг аль ч үйлдэл нь монголчуудад үнэмшилтэй харагдана. Учир нь энэ бидний өссөн ахуй.
Гэтэл энэ бүхэн гадны үзэгчдэд хэтэрхий хуурамч, зохиомол харагдах нь нэг талаас буруу зүйл биш. Учир нь тэдний өссөн ахуй ондоо шүү дээ. Хэн ч Алтайн цаст уулсын дунд өвлийн хахир хүйтэнд жаахан охин бүргэдээр ан хийж явна гэж төсөөлөхгүй. Үлгэрт л гардаг зүйл гэж бодно.
Монгол орны үүх түүх, малчдын амьдрал, ан амьтад, байгальтай харьцаж буй нь хүртэл “үлгэр” шиг санагдаж болно. Буруутгах зүйлгүй. Гэвч энэ бүхэн бодит гэдгийг хэлэх хэрэгтэй. Цас бус мөсөн өмсгөлтэй, алтан хадтай уулсын дундуур жигүүрт мориор аялаж яваа “үлгэрийн баримтат” киноны дүрслэл нэгээхэн бээрч үгүй. Гол нь шувууг анд сургаж амьтан бариулж буй хэсэг л киноны хамгийн хийсвэр мэт дүр зураг боловч бодит үлгэр юм.
Мөнхүү шүүмжлэгчид насан өндөр казах өвгөд эмэгтэй хүн бүргэдээр ан хийх тэмцээнд орох талаар юу бодож байгаагаа ярьж байгаа хэсгийн эвлүүлэг гэж дүгнэсэн. Түүхч Эдриэнн Мэйёрийн “Отто Бэлл эдгээр өвгөдийг Казахстан болон Киргизстанаас хайн олж кинондоо тоглуулсан” гэх инээд хүрмээр санал дэвшүүлсэн байна билээ. Үнэндээ найруулагч Отто Бэлл Баян-Өлгийн айл бүрийн хаалгыг тогшин саналыг нь асуухад настай казахууд ингэж хариулсныг л тэрээр кинондоо оруулсан нь Монголчуудын нүдэнд тодорхой харагдана.
Эцэст шаргуу шүүмжлэгчид маань хүртэл бууж өгөх тал руугаа хандсан. Учир нь Эдриэнн Мэйёр “Бүргэдээр ан хийх тэмцээний үеэр харуулсан түүний эр зориг, ур чадварыг бишрэхгүй байхын аргагүй. Энэ нь л энэ кинонд хангалттай” гэж ярьжээ.
Тийм ээ. Энэ л кинонд хангалттай. Нургайвын Айшолпаны бүргэдээ гэх чин сэтгэл, өөрийн хөдөлмөрөөр олж авсан ан хийх ур чадвар, морио унаад бүргэдтэйгээ цуг нисэн дүүлж буй дүр зураг нь зохиомол бус үлгэр шиг сайхан орны минь “үнэн түүх” юм.
Б.Алтанхуяг
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг