Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

40 минутаас дээш минутын хоцролт хамгийн том доромжлол

$
0
0

group-of-people-in-coffee-shopХэдэн цагт уулзах вэ?
Цаг хугацааны талаарх ойлголт улс орон бүрт өөр. Америкийн сэтгэл зүйч Эдвард Холл, энэхүү цаг хугацааны баримжааг уулзалтанд ирэхдээ цаг хэрхэн барьдагаар тодорхойлж. Барууны орнуудад хоцордог цагийн хязгаарыг 5 хэсэгт хуваадаг байна.
• 5 хүртэл минут: Байж болох хугацаа
• 15 хүртэл минут: Үл ялиг уучлалт гуйх хугацаа
• 20-30 минут: Хөнгөн маягаар гомдох хугацаа
• 40 хүртэл минут: Бүдүүлэгт тооцогдох хугацаа
• 40-с дээш минут: Санаатайгаар, бүдүүлгээр доромжилсонд тооцох хугацаа байна.

Энэ талаар нэгэн жишээг өгүүлье.
Латин Америкийн оронд ажиллаж байсан Америкийн элчин сайдад тохиолдсон явдал. Нэгэн сайдтай уулзахаар элчин сайд урьдчилан товлосон хугацаандаа иржээ. Тохирсон хугацаанаас 15 минут өнгөрөхөд сайд түүнийг хүлээж авсангүй. Элчин сайд нарийн бичгээр нь дамжуулан түүний хүлээлгийн өрөөнд ирчихээд байгааг дамжуулахыг дипломат маягаар уламжлуулжээ. Гэвч энэ нь амжилтанд хүрсэнгүй. Элчин сайдыг хүлээлгэсээр байв. Эцэст нь 45 минут өнгөрөөд элчин сайд ихэд бухимдаж, бүдүүлэг үгс хэлсэн нь хоёр орны харьцааг хүндрүүлжээ. Энэ тохиолдолд 45 минут хүлээлгэнэ гэдэг нь америкчуудын хувьд санаатайгаар, бүдүүлгээр доромжилсонд тооцогддог бол Латин Америк хүний хувьд байдаг л нэг хоцролт байж.
Герман менежерүүдийн хувьд хийх ажлаа цаг минутаар нь нарийн төлөвлөж, яг хугацаанд нь гүйцэтгэдэг, цаг, ажил тохирчихоод түүндээ өөрчлөлт оруулах тун дургүй бол испаничууд гэнэт гарсан ажлаасаа хамааран төлөвлөсөн ажил, цаг хугацаагаа өөрчлөх нь тэдэнд тийм ч том асуудал болдоггүй байх жишээтэй.
Харин оросууд энэ хоёрын дундаж. Тэд түнштэйгээ долоо хоногийн дараа, тодорхой цагт уулзахаар тохирсон ч “Тухайн үед нь утасдана аа” гэж хэлэх нь түгээмэл. Энэ нь тэд болзсон цаг, хугацаанд өөрчлөлт орж болзошгүй гэсэн үг юм.
Лалын ертөнцөд цаг хугацааг нар мандаж, жаргах цаг, улирал солигдохоор хэмждэг заншилтай. Тиймээс эдгээр орны менежерүүд огтхон ч яардаггүй. Тэд арабын эртний “Аллах бидэнд цаг хугацааг хангалттай өгсөн” гэдэг зүйр үгийг хэлэх дуртай. “Хурдал”, “Хоцорлоо”, Гялалзахгүй бол дахин боломж олдохгүй шүү” гэх мэт үгийг ойлгодог ч үгүй, ойлгохыг ч хүсдэггүй. Тэд хоёр дахь боломж хэзээ ч байдаг гэдэгт гүн бат итгэдэг ба дараагийн удаад илүү ухаантай байж, илүү сайн бэлдэж чадна гэж үздэг. Ийм орны сонгодог жишээ нь, Саудын араб, Афганистан юм.
Харин манайд ямар байдгийг та бид мэднэ. Үдээс өмнө, үдээс хойш гэсэн хоёрхон цагтай шүү дээ.

Танаас гадна таны өмссөн хувцас, барьсан үзэг чинь чухал
Барууны орны ажилтнууд нь хувийн эрх ашиг, байр суурийг юу юунаас илүүд тавьдаг бол Дорно дахиныхан нийтийн эрх ашгийг хамгийн эхэнд тавьдаг. Үүнийг тэд өөрсдийгөө танилцуулж байгаа байдлаас нь л мэдэрч болно. Жишээлбэл, америкчууд “Адам Ричардсон. Бөөний худалдааны хэлтэс. Майкрософт компани” гэнэ. Харин Дорно зүгийнхэн “Сони корпораци. Маркетингийн хэлтэс. Миний нэр Ямомото” гэх жишээтэй.
Япон, Герман болон Хойд Кавказын бүс нутгийн улсуудын менежерүүд нь өрсөлдөөнд хэзээд бэлэн, маш шаргуу өрсөлддөг. Харин оросууд хэдийгээр бизнес хийж байгаа ч, хүмүүсийн хоорондын харилцаа, энэрэнгүй ёсонд тулгуурлан ажиллаж, аливаа асуудлыг шийдэхдээ харилцан буулт хийх, хүлээн зөвшөөрөх байр суурийг дэмждэг. Зүүн өмнөд ази болон Аоабын ертөнцөд түншийнхээ гадаад байдал, нийгэмд эзлэх статус, унаж буй машины марк, бусдын дунд эзлэх байр суурь, тэр бүү хэл оффисын байрлалыг хүртэл харгалзаж харьцдаг.
Лалын ертөнцийнхөн аливаа уулзалт хэлэлцээрийн явцад тэнд буй ахмад хүмүүст гүн хүндэтгэл үзүүлж харьцдаг. Харин Барууныхан энэ байдлыг хоцрогдсон, хөгжилд саад болсон ёс горим гэж үздэг. Дорно зүгийнхэн хэдийгээр мэргэжил, мэдлэгээр шалгарсан менежер байлаа ч тухайн компанид ажилласан жил нь бага, шат дамжлага бүрээр нь дамжаагүй хүнийг ажлын туршлагагүй гэж үзэж, нэг их авч хэлэлцдэггүй хандлагатай.

Миний орон зайд нэвтэрвэл …
Монголчууд нэг их мэддэггүй бизнесийн чухал соёлын нэг бол хүний хувийн орон зай билээ. Тухайлбал, италичууд болон латин америкчуудын хувьд швед, америк түншүүд нь нөхөрсөг бус, хүйтэн, цэвдэг санагддаг гэжээ. Учрыг нь сайтар судлавал, америк болон европчуудын хувьд 75 см-ийн зайнаас илүү ойр зайд нэвтрэх нь соёлгүй, бүдүүлэгт тооцогддог байна. Харин италичууд, латин америкчуудын хувьд энэ зай нь 40 см байдаг аж. Үүн шиг, герман хүнийг мөрөн дээр нь алгадах явдал бол түүний орон зайд нэвтэрсэн, бүдүүлэг халдлагад тооцогдох жишээтэй. Мөн хэн нэгэн таны өрөөний хаалгаар шагайвал орос хүн нэг их тоохгүй. Харин герман хүн “Миний орон зайд зөвшөөрөлгүйгээр нэвтэрлээ” гэж шууд дургүйцэх юм.

Битгий бөөрөнхийлөөд бай!
Бодол саналаа шулуун, цэгц илэрхийлэх хэлбэр гэж бий. Энэ чанар америкчуудад их байдаг. Тэд өөрийн санал бодлыг “Шууд, оновчтой, тодорхой байцгаая!”, Битгий бөөрөнхийлөөд бай, шууд ажил хэрэгтээ орьцгооё!” гэх мэтээр илэрхийлээд шуудхан саналаа илэрхийлдэг. Харин Дундад ази, Арабын ертөнцийнхөн санаагаа далд утгаар, бага багаар илэрхийлдэг. Тухайлбал, тэд “Хэзээ ч тайлан оройн 17.00 цагт миний ширээн дээр бэлэн байх хэрэгтэй” гэх мэтээр хэлэхгүй. Үүнийхээ оронд “Сүүлийн үед бидний ажлыг шалгаагүй байгаа. Одоо сарын сүүлч болж байгаа учир дарга маргааш шалгах байх. Бид тэгэхэд нь тайлангаа бэлэн байлгасан байвал сайн. Тэр яаж ч мэднэ” гэж илэрхийлэх жишээтэй.
Япончуудын хувьд “олон нийтийн өмнө”, “таньдаг хүмүүсийн дэргэд”, ”жинхэнээсээ хэлдэг” үг хэллэг гэж ялгаатай байх жишээтэй. Нэг л өгүүлбэрийг эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан арай өөр үг хэллэг ашиглан хэлдэг гэсэн үг.
Япончуудын долоовор хуруугаа зангах нь америкчуудын хувьд юм гуйж байна гэдгийг илэрхийлдэг байна. Ийм учраас америкчууд япон зөөгч, үйлчлэгчдийг илүү мөнгө авах хүсэлтэй байна гэж ойлгодог бол үнэн хэрэгтээ япон ажилтан бусад орны ажилтнуудаас ялгаатай нь, хэзээ ч цайны мөнгө авдаггүй аж.
Долоовор хуруугаа эрхий хуруутай нийлүүлж үзүүлбэл америкчуудын хувь бүх юм окей, бүтэмжтэй сайн, онц гэсэн санааг илэрхийлдэг. Харин япончууд энэ хөдөлгөөнөөр мөнгийг, португал, латин америкчууд муу зүйлийг илэрхийлдэг. Орос, франц, итали хүмүүс тэнэг, утгагүй санаа байна гэдгийг духруугаа алгадах маягаар үзүүлдэг бол англи, испаничууд энэ хөдөлгөөнөөр өөртөө сэтгэл хангалуун байгааг илэрхийлдэг, харин голландууд хамт ярилцагчийнхаа ухааныг үнэлж байгааг илэрхийлэх жишээтэй.
Гэх мэтчилэн улс үндэстний онцлогийг мэдэж, түүнд хүндэтгэлтэй хандаж харьцсанаар таны бизнес амжилттай болох нь гарцаагүй юм.

Японы хөрөнгө оруулалттай компанид ажилладаг нэг найз маань саяхан тун эвгүй байдалд оржээ. Мань нөхөр монгол зангаараа, хамт ажилладаг японоосоо цалин буутал 100 доллар зээлээч гэж. Цаадах нь ч “За” гэсэн байна. Тэгсэн мөртлөө өгдөггүй. Яарч байсан найз тэр өдөр 2 ч удаа нөгөө мөнгөө, яасан бэ гэх маягаар асуусан ч өгдөггүй. Тэгсэн мөртлөө “За” л гээд байж. Сүүлдээ нөгөө япон ч нэлээд дургүйцжээ. Ажил тарсан хойно “Өгөхгүй байсан л юм бол шуудхан хэлэхэд яадаг юм” гэж уурласан найз маань өөр хүнд энэ тухайгаа хэлэхэд тэр япон “За” гэдэг нь “Та надаас 100 доллар гуйсныг ойлголоо” гэсэн үг, япончууд бусдад шууд “үгүй, чадахгүй, мэдэхгүй, болохгүй байх” мэтийн хариулт өгдөггүй гэдгийг мань нөхөр мэдэж авчээ. Энэ мэт, үндэстнүүдийн онцлог янз бүр.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>