Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие физиологийн төдийгүй сэтгэл санаа, амьдралын хэв маягаараа их ялгаатай аж. Тэдний ерөнхий, нийтлэг онцлогуудаас дурьдвал:
Эмэгтэйчүүд илүү ажигламтгай
- Эрчүүд жижиг сажиг зүйл, деталиудад анхаарал хандуулахдаа угаас тааруу. Үүн дээрээ алддаг. Учир нь том зүйлийг хийхийн өмнө жижиг зүйлүүдээ цэгцлэх шаардлагатай. Харин эмэгтэйчүүд торгон мэдрэмж, ажиглах зан чанараараа давуу тул тэдэнд нийгмийн салбарт ажиллах нь илүү тохиромжтой байдаг.
Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ярьдаг
- Энэ бол яах аргагүй тодорхой болсон баримт. Эмэгтэйчүүд яриандаа фактаас илүү мэдрэмжээ ярьдаг. Эрчүүд үүнд их бухимддаг. Эмэгтэй хүний яриа нь нэг зүйлээс нөгөө сэдэв рүү огцом шилждэг гэмтэй.
Жишээ нь: “Болдынх гайгүй сайн айл шүү… үүнд янз бүрийн чимэг нэмнэ. Тэгэснээ “эртээд Чимгээтэй тааралдсан чинь дуугарч ядаад л байна лээ… муулах үгийг урсгана”. Иймэрхүү яриа хөөрөөг эрчүүд ер ойлгодоггүй. Бүр ядарна. Тэдний хувьд энэ нь ямар ч логик байхгүй, дэмий сул үг. Эрчүүд хэлсэн ярьснаас тогтоодог, үгэндээ харам бол эмэгтэй хүн өнөөдөр муулсан хүнээ маргааш магтаад явж байх жишээтэй.
Эрчүүдээс их иддэг
- Америкт явуулсан судалгаагаар эмэгтэйчүүд эрчүүдээс их иддэг болж таарсан байна. Гэхдээ нэг дор их биш, тодорхой хугацаанд бага багаар олон удаа иддэг гэнэ.
Эмэгтэйчүүд илүү стрессээ тайлж чаддаг
- Энэ нь эмэгтэйчүүдийн хувийн зан чанартай илүү холбоотой болов уу. Учир нь эмэгтэйчүүд аливаа асуудлыг найз нөхөд, ажлын хамт олон, ойр дотныхон гээд ер нь бусадтай зөвлөлдөх, ярих дуртай байдаг.
Энэ нь стресс тайлах, архагшуулахгүй байхад тустай юм. Харин эрчүүд өөрсдийн асуудал, бэрхшээлийг ярих, гомдоллох нь сул дорой зан гэж үздэг тул стрессээ тайлж чаддаггүй, хуримтлуулсаар байгаад өвчин болгох нь бий. Стрессийг архи тамхиар тайлна гэдэгт эрчүүд итгэлтэй байдаг нь амьдралд батлагдсан байгааг бид мэднэ.
Эмэгтэйчүүд харьцаанд илүү ач холбогдол өгдөг
- Хосын, гэр бүлийн, амрагийн, найз нөхдийн гээд амьдралд байх олон янзын харьцаанд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ухамсартай ханддаг байна. Харин эрчүүд өөрсдийн харилцаандаа ач холбогдол бага өгч байдаг нь тогтоогджээ.