Хятадын хамгийн чинээлэг алдартнуудыг сүүлийн 10 жил тэргүүлж, Forbes-ын хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтанд хэдэн жил дарааллан багтаж байгаа жүжигчин Фан Бинбин зөвхөн кино салбарт төдийгүй олон улсын загварын ертөнцөд ч анхаарал татаад байна
Энэ жил Forbes сэтгүүл түүнийг Дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн рейтингийн тавдугаар байранд (17 сая доллар) жагсаасан юм. Фан Бинбин Хятадын хамгийн амжилттай жүжигчдийн нэг бөгөөд Холливүүд болон олон улсын кино салбарт орж чадсан амжилттай бүсгүй. Бинбин 2011 онд “Stretch” гэдэг франц кинонд тоглосон ба тэр жилдээ “My Way” гэх Солонгосын хамгийн өндөр үнэтэй бүтсэн кинонуудын нэгт дүр бүтээсэн. Тэрээр 2014 онд “X-Men: Days of Future Past” блокбастер кинонд тоглосноор олон улсад танигдаж эхэлсэн гэж хэлж болно. Гэхдээ бид түүнийг бүр 1998 онд гарч байсан “My Fair Princess” буюу “Хуанжу Гэг” цуврал киноны Жин Суогийн дүрээр сайн мэднэ. Энэхүү цуврал нь Фан Бинбиний амжилттай кино карьерын эхлэлийг тавьж өгсөн билээ. Үүний дараа түүний жүжигчний карьер огцом өссөн.
Өнгөрсөн наймдугаар сард тэр Хонг Конг ба Америк уран бүтээлчдийн хийсэн “Skiptrace” кинонд Жеки Чан ба Жонни Ноксвил нартай хамтран тоглосон бөгөөд энэхүү кино нь Хятадын box office-ыг тэргүүлж, хит болж чадсан байгаа. Мөн саяхан Хятадын алдарт найруулагч Фэн Сяоганы найруулж, Торонтогийн олон улсын кино наадам дээр танилцуулсан “I Am Not Madame Bovary”киноны гол дүрийг бүтээж, Сан-Себастьяны олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд “Silver Shell” шагналыг Фан Бинбин хүртсэн. Тэр цаашид ч олон шагнал гардаж авна гэдэгт эргэлзэхгүй байна.
Фан Бинбин зөвхөн кино жүжигчин төдийгүй поп дуучин ба өөрийн нэрийн студитэй телевизийн продюсер юм. Гэхдээ түүний хөгжим ба продюсерын карьераас илүү загварын онцгой мэдрэмж нь хүмүүсийн анхаарлыг маш их татдаг. Түүний жил бүрийн Канны кино наадамд өмсч ирдэг тансаг гоёлууд олон улсын загварын шүүмжлэгчдийн хараанд өртөхөд нь нөлөөлжээ. Фан Бинбин Vanity Fair сэтгүүлийн “International Best Dressed” жагсаалтанд үргэлж дээгүүр байранд бичигддэг. Мөн тэр Chopard, L’Oreal Paris ба Louis Vuitton брэндүүдийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг. Тэр ч бүү хэл францын загварын ордон 2013 оны Канны кино наадмын нээлтэнд зориулж түүнд даашинз урласан ба энэ нь Louis Vuitton брэнд Ази жүжигчинд тусгайлан зориулж даашинз хийсэн анхны тохиолдол болсон юм. Парисын загварын долоо хоног үргэлжилж байгаа энэ үед Vogue зэрэг загварын томоохон сэтгүүлүүд түүний загварын шоунд өмсөж ирсэн гоёлууд ба street style хувцаснуудыг онцолж байна.
Фан Бинбиний хэлснээр тэр X-Men-ий дөрвөн ангид дахиж Блинк хэмээх телепорт (цаг хугацаа ба орон зайн шилжилт) хийх чадвартай мутантын дүрд тоглох гэрээ байгуулсан. Мөн түүний Пирс Броснантай хамт тоглосон “The King’s Daughter” нэртэй уран зөгнөлт адал явдалт кино 2017 онд нээлтээ хийхээр төлөвлөгджээ. Тэгэхээр бид ирээдүйд Фан Бинбинг хятад кинонуудаас гадна, Холливүүдын кино урлагийн салбараас ч харах өндөр магадлалтай байна.