Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Дэлхийн 60 орны миссүүд Монголд титмийн төлөө өрсөлдөнө

$
0
0
Дэлхий дахинаа жил бүр 40 гаруй төрлийн олон улсын гоо бүсгүйн тэмцээн зохион байгуулагддаг ч нэр хүнд, цар хүрээ, зохион байгуулалтын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн нь цөөн билээ. Сүүлийн жилүүдэд шилдгүүдийн эгнээнд хүч түрэн орж ирж, нэр хүнд нь асар хурдацтай өсч яваа тэмцээн бол “Face of beauty International” юм.

Энэхүү тэмцээнийг 2012 онд анх Шинэ Зеланд улсын иргэн Мила Мануэл хувцас загварын ертөнцөд ажилласан олон жилийн туршлагаасаа үндэслэн залуу охидод өөрийгөө нээх боломж олгож, авъяас чадвар, оюун билэг, гоо үзэсгэлэнгээрээ дэлхийн олон сая эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болохуйц шилдэг оролцогчийг тодруулах үүднээс санаачилсан байна.

Манай улс энэхүү тэмцээнийг зохион байгуулахаар 2013 оноос хойш хүсэлт тавьж, 2016 онд Шинэ Зеланд, Австрали, Тайвань зэрэг орнуудтай өрсөлдөн зохион байгуулах эрхийг олж авчээ.

Тус тэмцээнд оролцохоор дэлхийн 60 гаруй улсын гоо бүсгүй, тэдний гэр бүл, ойр дотныхон болон тэмцээний ерөнхий зохион байгуулагч Мила Мануел, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура, загварын агентлагын захирал, шүүгч зэрэг нийт 200-300 хүн манай улсад ирэх юм. Тэмцээний ёслолын үйл ажиллагааг манай улсаас гадна 10 гаруй улсад шууд дамжуулахаас гадна 300 гаруй жуулчид, гадны томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид ирэх аж.

Өнөөдрөөс эхлэн орон орны гоо бүсгүйчүүд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсээр байгаа бөгөөд, тэмцээний эцсийн шат хүртэлх хугацаанд тэднийг  Монголын түүхэн дурсгалт газруудаар болон Улаанбаатар хот дахь музейгээр аялуулах аж.

Жил бүрийн тэмцээн өөрийн гэсэн хэв маягтай байдгаас гадна байгал орчин, ногоон хөгжил, нийгэмд тулгамдаж буй асуудлыг сөхөн авч шийдэх арга замуудыг хайн уриа болгон хэрэгжүүлдэг онцлогтой билээ.

Харин энэ жилийн тэмцээн нь “Save the MAZAALAI” гэх уриатай бөгөөд Монгол Улсад 22-хон ширхэг үлдэж, устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа мазаалай баавгайг хамгаалах хөдөлгөөнийг дэлхийн сонорт хүргэхэд дуу хоолойгоо нэгтгэх зорилготойгоор зохион байгуулах гэж байна.

5 дахь удаагийн уг тэмцээнийг байгаль орчин, аялал жуучлал, соёл урлаг, эдийн засгийн салбарт өндөр ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид хэлж байна.

Харин энэ удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх үндэсний ялагчаар Э.Урангоо шалгарчээ.

Тэрээр “Universe Best Songs 2011″ наадмын шилдэг 25 оролцогчдын нэг ба Сити их сургуульд маркетингийн менежер мэргэжлээр төгсчээ. Ам бүл дөрөв,  айлын бага охин ба “Мартагдашгүй намар” кинонд гол дүр бүтээснээрээ өөрийнхөө жүжиглэх чадвартайг харуулаад амжсан төдийгүй дуулдаг, бүжиглэдэг, өдөр тутмын хувцсаа өөрөө хийж өмсдөг зэрэг тал талын авьяас ур чадвартай.  Спортод сонирхолтой мисс маань шатрын улсын аварга, хүрэл медальтай гэнэ.

Өмнөх удаагийн тэмцээний түүхийг товчхон дурдвал:

2012 онд анх Тайланд-ын Бангкок хотноо зохион байгуулагдаж нийт 40 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөснөөс Дани улсын мисс Жозефин Эджберг титмийн эзэн болжээ.

2013 онд Тайланд-ын Паттаяа хотод зохион байгуулагдаж, 60 гаруй орны гоо бүсгүйчүүдээс Тонга улсын мисс Даймонд Ланги титмийн эзэн болжээ. Монгол улсыг төлөөлөн Г.Билгүүн анх уг тэмцээнд оролцжээ.

2014 онд Тайвань-ий Тайпэй хотод 65 орны миссүүд өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлөн Б.Ариунзаяа оролцож авъяаслаг миссээр тодрон, титмийн эзнээр Аргентин улсын мисс Жимена Гилардучи шалгарчээ.

2015 онд Тайвань-ий Тайчунг хотод 70 гаруй мисс өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлөн Т.Анаргоо оролцож титмийн эзнээр Мексик улсын мисс Ералди Барраза шалгарсан байна.

А.Буянгэрэл

zuvsongolt.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>