“Мисс Монголиа Консалтинг” ТББ нь есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 9-ны хооронд “Face of beauty international 2016″ тэмцээнийг зохион байгуулна. Тус тэмцээнийг 2013 оноос эхлэн Монголдоо зохион байгуулах хүсэлт илгээж байсан ч олон улсын бүсгүйчүүдийг угтан авах боломж, байрлуулах зочид буудлын хүрэлцээ, аюулгүй байдлыг зохицуулах боломж бүрдээгүйгээс болж эрхээ авч чаддаггүй байсан. Харин 2016 онд Шинэ Зеланд, Австрали, Тайвань гэсэн улсуудтай өрсөлдөж, улмаар Монгол Улс зохион байгуулах албан ёсны эрхээ авч чадсан байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс 60 гаруй орны миссүүд 14 хоногийн хугацаатай Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ. Үүнийг дагаад тухайн улс орны хэвлэл мэдээллийн ажилтнууд, гэр бүл, найз нөхөд, дэмжигчид гээд ойролцоогоор 200-300 хүн ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн тэмцээний төгсгөлийн ёслолын ажиллагааг Монгол Улс орон даяар төдийгүй дэлхийн 10 гаруй улсын телевиз, Youtube цахим хуудсаар шууд дамжуулан үзүүлэхээс гадна гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжлагчаа илгээхээ мэдэгдээд байгаа гэнэ.