Нимгэн загварлаг хувцас, чамин хумсаар гангарах цаг хэдийнээ иржээ бүсгүйчүүдээ. Бид эмэгтэйчүүддээ зориулж “Ub beauty салон”-оор зочилж хумсны гоо сайханч Хаш-Эрдэнээс зуны хумсны тренд будалт ба өнгөний талаар зөвлөгөө авлаа.
Зуны өнгөнүүд
1.Пастел
Дулаахан бас зөөлөн пастель өнгөнүүд . Бүдэг шар, ягаан, нил ягаан, цэнхэр ба ногоон туяанууд хүний нүдийг тайвшруулж, маш таатай харагддаг тул та эдгээрээс хүссэн өнгөө сонгоорой.
2.Nude
Энэ жилийн гоо сайхны ертөнц дэх гол тренд 1970-аад оны уур амьсгалтай нягт холбоотой тослог nude өнгийг сонгоорой. Ямар ч гэрэл нэвтэрдэггүй, дулаан өнгөний туяатай, бага зэрэг гялтганах хумсны будгууд хамгийн шилдэг сонголт болно.
3.Тод цэнхэр
Усан эсвэл бараан биш, харин тод бас гүн туяатай цэнхэр өнгө зуны улиралд нэлээд эрэлттэй байна. Энэхүү өнгө нь өдрийн цагаар зугаатай бас өнгөлөг хэв маяг бүрдүүлдэг хэрнээ үдшийн цагаар маш тансаг болон хувирдаг ид шидтэй юм.
4.Сонгодог цагаан
Цагаан өнгийн будаг таны гарыг цэмцгэр харагдуулж, ямар ч хувцаслалтад төгс зохицно.
5.Металл
Өнгөрсөн улирлаас ноёрхож эхэлсэн металлаг хумсны будгууд энэ улиралд ч бас загварлаг хэвээрээ байна. Төмөрлөг эсвэл боронзон өнгө сонгож, бүжгийн талбайн дисконы бөмбөг мэт зугаатай будалт хийгээрэй. Хамгийн гол нь металлаг будаг сонгох нөхцөлд богино хумстай байвал илүү зохимжтой харагддагийг мартаж болохгүй шүү.
6.Шүрэн улаан
Шүрэн улаан өнгийн уруулын ба хумсны будаг аливаа төрхийг хормын зуур цоглог уур амьсгалтай болгодгийг та бүгд сайн мэдэх байх.Тиймээс зуны дэлгэр цагт та энэхүү өнгөөр хумсаа будаарай.
Зуны будалтууд
Шинэ төрлийн фрэнч
Энэ зуны хумсны трендэд Фрэнч бас л ноёрхжээ. Гэхдээ хумсаа шинэ төрлийн фрэнчээр будахыг зөвлөж байна. Фрэнч л гэхээрээ заавал цагаан өнгө байх ёстой юм шиг ойлголтыг толгойноосоо авч хаяж, үүний оронд ногоон, шаргал эсвэл цэнхэр гэх мэт тод өнгүүдээр хумсныхаа үзүүрийг будаарай. Ерөнхийдөө хэний ч таамаглаагүй, хамгийн өвөрмөц өнгөөр фрэнч хийхийг танд санал болгох байна.
2.Дөрвөлжин хээ
Дөрвөлжин хээ нь энэ зуны хумсны гол трендүүдийн нэг болоод байна. Дизайнерууд шинэ цуглуулгадаа дөрвөлжин хээтэй хувцас бас аксесуар танилцуулж, толгойноосоо хөл хүртлээ уг хээгээр хувцаслахыг санал болгож байна. Хумсаа ч мөн адил энэхүү спортлог дөрвөлжин хээгээр гоёорой.Мөн удахгүй баяр наадам болох учраас үндэсний хэв загварыг агуулсан хээнээс бас сонгоорой.
3.Өнгө өнгийн спрэй будаг
Цагаан өнгөөр суурь тавьж, өнгө өнгийн будгийг замбараагүй цацах нь таны хумсыг яг л урлагийн бүтээл мэт харагдуулна.Монгол бүсгүйчүүд маань ч энэ будалтанд дурлаж энэ зуны тренд будалт болоод байна.
4.Хиппи будалт
Зуны эрх чөлөөтэй, тайван уур амьсгалыг агуулах хиппи будалтыг хийхийг хүсвэл гурваас дөрвөн төрлийн пастел өнгийн будаг сонгож, хөндлөн будалтаар хооронд нь уусгаарай. Та ийм будалт хийснээр бусдаас өвөрмөц харагдах нь гарцаагүй юм.
5.3D будалт
3D кино гэдэг шиг 3D будалт энэ зуны гэлтгүй монгол бүсгүйчүүдийн тренд будалт болоод байна. Өвөрмөц товгор харагдуулах будалтыг та ч бас сонгоорой.
Арилдаг шивээс буюу Хенна энэ зуны гоо сайхны тренд болж байна
Манай охидууд хенна буюу арилдаг шивээсийг хэдийнээ мэддэг болжээ. Энэтхэг гаралтай ургамлын гоо сайхны бүтээгдэхүүнийг монголд анх хенна артист Dochkana оруулж ирсэн нь монголын залуучуудыг түр зуурын шивээсэнд дурлуулахад хүргэсэн байна. Арилдаг шивээс гэхээр мэдэхгүй хүмүүс бага ч болов ойлгож байгаа байх. Энэ гоо сайхны трендийн гол онцлог нь шивээс мэт харагддаг эрүүл мэндэд тустай гоо сайхны бүтээгдэхүүн юм. Шивээс хийлгэх сонирхолтой ч зүү хатгуураас айдаг, аав ээжээсээ эмээдэг охид бүсгүйчүүд маань хеннагаар гангарч ёстой л нэг эрх чөлөөтэй алхаж байна. Энэхүү арилдаг шивээсийг хар бор хоёр өнгөөс сонгож биеийнхээ ил гарсан хэсэгт өөрийн дуртай хээ зургаар зураалах боломжтой юм. Яг л шивээс мэт харагдах энэ трендээр жирэмсэн эмэгтэй ч гангарч байна. Зуны тренд болж буй хенна нь сэрүүцүүлэх, эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдгээрээ онцлогтой юм. Та ч бас уг трендээр гангараад үзээрэй.
Бэлтгэсэн:Ц.Соёл-Эрдэнэ Miss.mn