Автомашины хамгаалалтын суудал нь олон янз байдаг юм байна. Дөнгөж төрсөн нярайгаас эхлээд өсч том болсон хүүхдийг ч тээвэрлэх зориулалттай ч байна. Хүүхдийн нас, Жингээс нь хамааран загвар нь янз бүр. Бас зэрэглэл гэж байдаг юм билээ.
“0″ зэрэглэл
Хараахан суух болоогүй байгаа бяцхан зорчигчид зориулагдсан “0″ зэрэглэлийн суудал нь нялх хүүхдийн тэрэгний дээд хэсэг бөгөөд түүнийг бөөрөөр нь машины арын суудалд тусгай бүсээр бэхэлнэ.
“0+” зэрэглэл
Энэ суудлууд нь олон талт ажиллагаатай. Маш эвтэйхэн бариулын тусламжтайгаар хэд хэдэн байрлалаар тохируулна. Энэ суудлыг автомашинд аюулгүйн суудал гэдэг утгаар нь хэрэглээд зогсохгүй мөн аялалд явахдаа, дэлгүүр, эмнэлэг орохдоо найз нөхдийндөө зочилж очихдоо бүр онгоцоор нисэхдээ ч зөөврийн суудал болгон хэрэглэж болно.
Дугуйтай хөл дээр суурилуулбал түрдэг тэрэг ч болчихно. Автомашинд бэхлэхдээ зорчих хэсэг рүү нуруугаар нь харуулан арын, эсвэл урд суудалд хамгаалах бүсээр бүсэлж тогтооно. Ийм байрлал нь хамгийн аюулгүйд тооцогддог.
Дотоод хамгаалалтын бүсгүй “1/2/3″ загварын суудал байдаг. Олон зориулалттай суудлын загвар нь дан ганц зориулалттай загваруудын ололттой талуудыг нэгтгээд зогсохгүй бас дутагдалтай талуудыг ч нэгтгэсэн байна. Жишээ нь, ийм загварын суудлууд нь 1.5-2 настай хүүхдийн аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай зорчих чигийн эсрэг тохирогддоггүй байна.
Зэрэглэл “1″
Ихэвчлэн зорчих хөдөлгөөний дагуу арын болон урд талын суудалд байрлуулах бөгөөд түшлэг нь хэд хэдэн байрлалын тохиргоотой, бас тохиргоогүй ч бий. Та холын замд хүүхэд тээвэрлэх гэж байгаа бол энэ суудал маш чухал. Суудлыг машины аюулгүйн бүсээр бэхэлж хүүхдийг машины хэсгийн хамгаалалтын бүсээр юм уу, өөрийнх нь хамгаалалтын суудлын бүсээр бүсэлж өгнө. Ихэнх загварын түшлэгний толгойг хүүхдийн биеийн өндөрт тохируулж болдог байна.
Хамгийн эрэлт ихтэй нь Зэрэглэл “0+1″ юм байх
Энэ загварыг маш удаан хугацааны туршид хэрэглэх зориулалттай бөгөөд хүүхдийн нас болон биеийн жингээс хамааран зорчих чигийн дагуу юм, эсрэг тохируулж, арын ба урд талын суудалд байрлуулах боломжтой юм. Автомашины аюулгүйн бүсээр бэхэлж болох бөгөөд бяцхан зорчигчдод зориулсан өөрийнх нь жижиг бүстэй. Түшлэг нь хэд хэдэн байрлалын тохиргоотой, хариугүй сууж сурах гэж байгаа таван сартайгаас дээш насны хүүхдүүдэд маш тохиромжтой суудал юм.
Мөн “0+1/2″ гэсэн зэрэглэл байдаг ба энэ нь 0-25кг хүртэлх жинтэй хүүхдүүдэд зориулагдсан байдаг аж.
Зэрэглэл 1/2/3
Хэмнэлт-ангилал нь хоёр дахин төлөх дургүй хүмүүст зориулагдсан загвар юм. Энэ загварыг ойролцоогоор 0-12 насны хүүхдүүдэд тохиромжтой гэдэг боловч яг амьдрал дээрээ нэг настай хүүхдүүдэд тиймч ч тохиромжтой биш. Яагаад гэвэл түшлэгний тохиргоо нь унтах байрлалд таардаггүй. Хүүхдийг З-4 нас хүртэл нь хүүхдийн хамгаалалтын суудлын бүсээр, харин үүнээс дээш насны хүүхдийг машины хамгаалалтын бүсээр бүсэлнэ. Хэрэв суудал нь давчдаж эхэлбэл түшлэгийг авч хүүхдийг 150 см-ийн өндөртэй болтол нь хэрэглэж болно.
Зэрэглэл “2/3+”
Цэвэр “2″ гэсэн зэрэглэл байдаггүй гэнэ. Өндөр түшлэгтэй суудал хүүхэдтэйгээ хамт “өснө” гэсэн үг. Хүүхдийг зориулалтын суудалд нь суулгаад автомашины хамгаалалтын бүсээр бүсэлнэ. Өөртөө хамгаалалтын бүстэй загварууд бас бий гэнэ,. Түшлэгний өргөнийг шаардлагатай хэмжээгээрээ өөрчлөх тохируулгатай загварыг ч авч болно. Хүүхэд өвлийн цагт дулаан хувцастайгаа чихэлдэхгүй байхад энэ загвар яг тохирдог. Энэ загварыг зөвхөн зорчих чигийн дагуу хоёрдугаар эгнээнд суурилуулна. Хүүхдийн өсөлтийн хэрээр суудлын дээд хэсэг авагдаж, зөвхөн доод хэсэг болох “бустер”-ыг үлдээнэ.
“0+” зэрэглэлийн суудлуудыг нь хэмжээний хувьд адилгүй, доторх зай нь арай уужуу, дунд зэрэг гэх мэт ялгаатай байгааг анзаараарай. Арай уужуухан зайтайг хүүхдээ нэг нас хүртэл нь хэрэглэнэ. Та энэ суудлыг дангаар нь буюу иж бүрдлээр нь /дугуйтай/ авч болно. Суудлыг автомашинд аюулгүйн бүсээр бэхэлж тогтоохоос гадна дугуй суулгаж өгвөл бууж суух, автомашинаа солих үед хүүхдийг сэрээх шаардлагагүй болно.