Загварын тайзнаа гунхаад багагүй хугацааг өнгөрөөсөн ч “Никитон” хамтлагийн дуучин, МУГЖ Б.Батчулуунтай ханилснаар загвар өмсөгч Т.Энхтуяа богино хугацаанд олны танил болсон гэгддэг. Өөрөөсөө арав гаруй насаар ах, дуучин нөхөртөө ойролцоо насны хүү, охин хоёр төрүүлж өгсөн тэрбээр үнэтэй бэлэг, тансаг амьдралаа харин ч нэг гайхуулах дуртай. Чөлөөт цагаараа загвар өмсч, харийн оронд зугаалсан шигээ тун ч таатай амьдардаг гэх түүнд нөхөр нь үе үехэн гэнэтийн бэлэг барьдаг нь ч үнэн.
Сүүлийн үеийн загвартай цоо шинэхэн гар утас, гоёл чимэглэл, үнэтэй брэндийн хувцас хэрэглэл, тансаг үнэртэн гээд л охид хүүхнүүдийн атаархлыг төрүүлэм сайхан бэлэгнүүдээ тэрбээр олноос огтхон ч нуудаггүй. Ямартаа л, залуу эхнэрийнхээ төрсөн өдрийн баярыг угтаж “Никитон”-ы Баачка алмаазан шигтгээтэй гоёлын хослол бэлэглэж байхав дээ. Томоохон арга хэмжээнд уригдаж очоод нөхрөөсөө ч илүүтэй олны анхаарлыг татдаг үзэсгэлэнтэй бүсгүйгээр Баачка тун их бахархдаг юм билээ.
Анхны эхнэр нь Б.Нянхай хүүгээ аваад Америкийг зорьсон цагаас хойш нэлээд хугацаанд ганцаараа амьдарч, басхүү олны танил охид хүүхнүүдийг бээлий шигээ сольж явсан мань эр загвар өмсөгч Т.Энхтуяатай ханилаад танигдахааргүй болтлоо өөрчлөгдсөн гэлцдэг. Тэрбээр эхнэрийнхээ талаар нэгэн хэвлэлд “Нэг арга хэмжээний үеэр танилцсан. Анх харахад сэтгэлд нэг л дотно санагдсан төдийгүй уулзаж ярилцахад улам бүр татагдаад байх шиг санагдсан. Тэр яг л миний мөрөөдлийн бүсгүй байна гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн гэх үү дээ” хэмээн ярьж байжээ. Үнэхээр ч дуучин залуугийн мөрөөдлийг биелүүлж, жаргалтай айлын тэргүүн болгосон үзэсгэлэнт гэргий нь өдгөө яг л “Үүлэн үст” шиг харагдаж байгаа биз.
С.Цахиур