3 сарын өмнө YouTube платформ дээрх “Special Books by Special Kids” гэх суваг өдгөө 8 настай Брийлин гэх охины түүхийг бичлэг болгон хүргэжээ.
Одоогоос найман жилийн өмнө Брийлин энэ хорвоод мэндлэхдээ эрүүл саруул, энх мэнд байсан ч хоёрхон хоногийн дотор түүний болоод түүний гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэсэн байна. Тодруулбал, охиныг хоёрхон хоногтой нярай байхад нэг хүн уруул дээр нь үнэрлэснээс болж охин тархины саажилттай болжээ. Учир нь түүнийг үнэрлэсэн хүн өөрөө хомхойтой байсан бөгөөд охиныг үнэрлэхдээ тэр герпес вирус дамжуулсан байна. Улмаар охин тухайн үед дөнгөж хоёрхон хоногтой байсан тул түүний дархлааны тогтолцоо бүрэн хөгжөөгүй байснаас герпес вирус эрчимтэй тархаж, тархийг нь гэмтээжээ.
Энэ талаар түүний ээж өгүүлэхдээ, “Эцэг эхчүүд шинэ хүнийг нь битгий үнсэж үнэрлээрэй гээд байдгийн нэг шалтгаан бол энэ. Брийлин эв эрүүл төрсөн. Тэр зүв зүгээр байсан. Харин хоёр хоногтой байхад нь түүнийг харахаар маш их догдолсон байсан хүн түүнийг уруул дээр нь үнэрлэчихсэн юм. Түүнээс хойш хоёр долоо хоногийн дараа охин унаж татдаг болсон” гэжээ.
Улмаар охины тархи герпес вирус болоод ойр ойр унаж татсанаас болж ихээхэн гэмтэл авсан байна.
Харамсалтай нь эмнэлгийнхний хэлж байгаагаар вирус хийгээд биеийн байдал нь охины наслалтад шууд нөлөөлж байгаа ба түүнийг ихдээ 10 жилийн л настай гэжээ.
Эх сурвалж: UNILAD