Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Онлайн хайр

$
0
0

146207842657258bda158e4Таван хэмжээст ертөнц

/Тэмдэглэл/

Сошиал ертөнцөөр аялахгүй нэг өдөр болоход үй түмэн мэдээллээс хоцорчихдог ийм эрин үеийг эзэгнэж төрсөн маань азтай ч юм шиг, азгүй ч юм шиг. Дэлхийг тойрон хэсүүчлэх оюун бодол минь азтайн учир.  Ширээгээ  ч бүтэн тойрохгүй суудалд шигдэх бие лагшин минь азгүйн учир. Ингэсгээд азтай азгүйн хооронд харц тэнүүчилж явтал фейсбүүк нийгмийн сүлжээнд “Онлайн хайр гэж байдаг юм. Олдвол блоклож болдоггүй юм шүү” гэсэн үг намайг сэртхийлгэв. Залуусын маазарч тавьсан энэ пост олон хүнд таалагдаж, мөн олон хүнийг унтууг хөдөлгөжээ. Үүнийг бичигч намайг харин саваагүйтэн энэ талаар бяцхан судалгаа хийхэд хүргэв. “Сайхан хайр гэж байдаг юм шүү. Олдвол алдаж болохгүй” гэж Ч.Лодойдамба гуай хэлсэн гэдэг байх аа. Тэр сайхан хайр онлайн сүлжээгээр ирж нэг болох юм даа. Ингээд онлайн хайр гэж байдаг уу? гэсэн асуултыг дэлхийн 7 орныг хамарсан 50 хүнээс судалгаа маягаар авахад тэдний 20 хувь нь яагаад болохгүй гэж гэсэн асуулт өөдөөс тавьж,  30 хувь нь байж болно гэж, харин 30 хувь нь хайр хаанаас ч юугаар ч ирж болно гэж, 10 хувь нь онлайн сүлжээ ашиглан хайртай дүр эсгэж луйвар хийж байгаа хүн олон гэдгийг сануулж, үлдсэн 10 хувь нь мэдэхгүй гэсэн юм. Асуултын хариуг 6 хувилбараас сонгохоор асуулгыг бэлдсэн тул дээрх байдлаар товчхон шулуухан хариулсан байх.

Гэвч тэдний дундаас миний асуулгыг дуун дээр дэмжиж, өөрийнхөө хайрын тухай ярьсан нэгэн эрхмийн үгнээс орчуулан хүргэе.

“Онлайн хайр гэж байна аа, байна. Жишээ нь би гэдэг эр хэзээ ч уулзаж байгаагүй, гарыг нь ч атгаж үзээгүй, инээхийг нь ч сонсож байгаагүй, үсийг нь ч үнэрлэж байгаагүй хүнээ 10 гаруй жил хайрлаж явна. Эхэндээ миний англи хэл муу байсан болохоор сэтгэл доторх олон зүйлээ илэрхийлж чадахгүй урмыг нь хугалж, өөрийгөө нэг дүйнгэ хүн шиг олйгуулаад л бид салсан юм. Салах ч юу байхав дээ. Угаасаа нийлсэн биш. Түүнтэй ярих гэж чадан ядан эвлүүлсэн муухан англи хэлийг минь голсон уу яасан мэдэхгүй тэр намайг блоколсон юм. Нэг хэсэг гэдэг хугацаа нэлээн олон жилийн хугацаа шүү. Харин би уйгагүй хайсны эцэст фейсбүүк гэж талархмаар сүлжээнээс түүнийгээ олж авсан. Харин тэр намайг юман чинээ бодоогүй ч найзын хүсэлтийг минь хүлээн авсан тэр шөнө нь би унтаагүй. Yahoo –гаас намайг блоклоод явсан тэр жилүүдэд би нийгмийн сүлжээнд байсан аккаунтынх нь буянаар компьютертээ хадгалж авсан хэдэн зурагнуудыг нь өглөө бүр харж, орой бүр харж унтдаг байлаа. Одоо би түүнийг дахин алдахыг хүсэхгүй байгаа. Түүний хувьд би фейсбүүкт нь байдаг 2700 гаруй найзынх нь л нэг. Харин миний хувьд тэр бол амьдралын минь гэрэл гэгээ. Онлайн байхыг нь харахаар л сэтгэл сайхан болж, оруулсан пост болгоныг нь лайкдаж, шейрэлж суугааг минь тэр одооноос л анзаарч байгаа байх. Би одоо Бурханаас түүнийг минь битгий надаас зугтаалгаарай гэж л гуйдаг. Хэзээ нэг цагт уулзах боломж гарах ч юм бил үү яаж мэдэх вэ. Оройд тэнгисийн эргээр зугаалахдаа ч би түүнийг боддог. Мэдээж миний эргэн тойронд бөөн бүсгүйчүүл. Гэвч би хэзээ ч уулзаж байгаагүй, бас хэзээ ч уулзахгүй нийгмийн хүрээ, цагийн зөрүүнээс эхлээд олоон олон ялгаатай тэр л харийн бүсгүйг хайрласаар насан эцэслэнэ ээ”

Романтик ч юм шиг. ёстой өөрийнх нь хэлснээр дүйнгэ ч юм шиг. Ямартай ч түүний ярианаас одоогоор ашиг хонжоо харагдсангүй. “Та хайртайгаа яаж батлах уу?” гэсэн миний асуултанд тэрээр: “Үхэн үхтлээ мартахгүй. Түүний төлөө юу хиймээр байна түүнийгээ хийсээр байгаад дуусна. Миний яахыг хэн ч хориглож чадахгүй. Хийсэн бүгддээ би өөрөө л жаргалтай, дэндүү сэтгэл хангалуун” гэлээ.

Тэрээр мөн Ливан Америкийн уугуул, алдарт зохиолч Галил Жибран/1883-1931/ 37 жил хайрласан бүсгүйтэйгээ нэг ч удаа уулзаагүй насан эцэслэсэн гэдгийг, энэ агуу хайрынхаа талаар бодит явдлаа “Broken wings” номондоо үнэн хайрын түүх болгон биёсэн гэдгийг надад сонин болгон хуучиллаа.

Сэтгүүлч би бээр 10 бүлэгтэй энэхүү номноос цуврал болгон орчуулж хүргэхсэн гэж хорхойссоноо нуух юун. Гэвч болох эсэхийн учрыг магадлах нь зохистой хэмээн санана. Бас орчуулах оролдлогоо мөхөс гэж чамлана.

Гоо үзэсгэлэнгийн туяанд хайр гэгч нүдийг минь нээн, цог жавхлангаараа сэтгэлийг минь анх эрхэндээ оруулахад би арван наймтай байлаа. Үзэсгэлэн гоогоороо сэтгэлийг минь анх эзэмдсэн Селма Карами бүсгүй намайг өдөр нь зүүд шиг, шөнө нь хурим шиг өнгөрөх болсон мөрөөдлийн цэцэрлэгт хөтөлж орхилоо.” 

Алдарт зохиолч Галил Жибраны уг номын өмнөх үг ийн эхэлнэ. Хариу нэхэх болзолгүй, насаараа уулзаагүй ч бүхнээ зориулсан энэ мэт бодит түүх хэр ихийг таашгүй нь. Онлайн хайр байдаг болов уу? Олдвол нээрээ блоклож болохгүй юу? Уншигч танаа хариуг нь үлдээе.

Эх сурвалж: http://www.polit.mn/


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles