Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод болсон загварын шоунд топ модель Х.Бадамгэрэл эх орноо төлөөлөн оролцоод иржээ. Түүнтэй “Утасны анд ” холбогдлоо.
-Сайн байна уу. Юуны өмнө дэлхийн хэмжээний томоохон шоунд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Монголын загвар өмсөгчдөөс барууны шоунд оролцсон анхны тохиолдол боллоо?
-Миний амьдралын мартагдашгүй нэгэн хэсэг Дубайд өнгөрлөө. Дэлхийн хэмжээний өндөр зохион байгуулалттай, дандаа европ моделиудыг сонгож оролцуулдаг “Fashion Forward 2016” шоунд оролцоод ирсэн. Эх орноосоо төдийгүй Азиас ганц модель оролцсон нь би байсан.
-Европын загварын тайз өндөр шалгууртай байдаг. Танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ. Сандарч байв уу?
-Үгүй дээ. Харин ч энэ мэргэжлээрээ бахархаж, эх орноо бодож алхлаа. Би энэ амьдралаас маш олон зүйлийг мэдэрдэг. Түүнээс хамгийн онцгой нь тайзан дээрх мэдрэмж юм.
Үзэгчдийн нүдэн дээр олон зурагчны өөдөөс харж зогсоод гайхалтай бүтээлүүдийг амилуулж байгаадаа үргэлж баярладаг. Энэ мэдрэмж маань ч Европын тайзан дээр адилхан байлаа. Бүх зүйл цагийн хуваарийн дагуу, маш сайн зохион байгуулалттай учраас надад сандрах тохиолдол байгаагүй.
-Таныг алдарт дизайнер Amato-гийн загварыг амилуулсан гэж сонссон. Түүний саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Amato бол маш ажиллагаатай, гайхалтай содон давтагдашгүй бүтээл хийдэг, алдартай дизайнер. Түүний бүтээлийг одууд сонгодог. Филиппин гаралтай энэ дизайнер дөрвөн жил “Fashion Forward” шоунд оролцож байгаа юм билээ.
Миний бие энэ гайхалтай хүний бүтээлийг амилуулсандаа туйлын баяртай байгаа. Би тусгай лицензтэй “DEUS” агентлагийн нэр дээр орсон. “Таныг энэ шоунд оролцуулахаар боллоо” гэхэд үнэхээр баярлаж хүлээн авсан.
Т.Батсайхан
Зууны мэдээ