Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Ах дүү хоёр…

$
0
0

1708-          Самар аваарай, самар аваарай. Аяга нь таван зуун төгрөг шүү. Самар аваарай

Мөнхжин ах хааччихав аа. Ямар уддаг юм бэ.

-          Самар аваарай. Самар аваарай

Зуун айлын автобусны буудал дээр самар зарж зогсоо жижигхэн, давжаа биетэй хүүг хажуугаар нь зөрж өнгөрөх хүмүүсийн зарим нь өөрийн эрхгүй эргэж харна. Учир нь хүү хариугүй давжаа биетэй болохоор тэр шүү дээ. Хүүгээс холгүйхэн зогсох хоёр авгай хоорондоо ийн ярилцана

-          Зайлуул даа. Ядарсан амьтан. Яаж хүн болно доо энэ муу амьтан

 

-          Ёстой доо. Нөгөө муу аав нь ойрд бүр үзэгдсэнгүй шив дээ

 

-          Энэ жил Тэрэлжийн тийшээ самар сайн гарсан гээд хүмүүстэй цуг самранд явсан гэнэ лээ

1709

-          Ишш хөөрхий дөө. Энэ муу амьтан ойрдоо хоол унд идэж уусан юм болов уу даа. Чааваас гэж. Миний мэдэхийн сүүлийн хоёр гурав хоног самар цөмөхөөс өөр олигтой хоол унд идэж, ууж харагдсангүй

 

-          Хэлээд юу гэх вэ. Туж самар цөмөөстэй. Самарнаас өөр хоол идэхгүй болохоор ийм тэжээлийн дутагдалтай, хариугүй давжаа биетэй болж байгаа юм шүү дээ. Тэр муу эцэг шүү юм нь бүр бор хоолонд орсон цагаас нь самраар хооллосон гэх чинь билээ

 

-          Яана аа тийм үү. Тэгэхээр чинь энэ бид хоёр ийм хариугүй жижигхэн биетэй байх нь аргагүй шүү дээ

Хоёр авгайн ийн хов ярихыг одоо долоон настай мөртлөө гурав, дөрвөн настай хүүхэд шиг жоохон харагдах Энхжин хүү сонссон хэдий ч сонсоогүй дүр эсгэн авгай нарын өөдөөс хээвнэг инээмсэглэн харна. Тэр гартаа гялгар уутанд хийсэн гурван ширхэг мантуун бууз барьчихаад аль байдгаараа баярлан өөр лүү нь алхаж яваа ахыгаа олж хараад Ах ирсэн дээ. Гоё хоол авчирсан даа хэмээн дороо дэвхцэн баярлаж бөөн юм боллоо. Ёстой л магнайгаа хагартлаа баярлаж байгаа нь хараваас илт. Өөрөөс нь тохой илүү өндөр Мөнхжин ах нь дүүдээ дөхөж ирээд

-          Яасан. Намайг явснаас хойш дахиж самар зарсан уу. Май агаагийн дүү энэ гурван буузны хоёрыг нь идчих. Ах нь нэгийг нь идье гэвэл Энхжин хариуд нь

 

-          Ах аа та надаас илүү олон самар зарснаараа хоёрыгоо ид ээ. Би тань шиг олон самар зарж чадаагүй юм чинь нэгийг л идье хэмээн хэзээ язааны том хүн шиг хэвлүүхэн хэлээд ууттай мантуун бууз руу гараа явууллаа.

Ах дүү хоёр тос даасан нэг нэг мантуун буузыг гартаа барьж байгаад яах ийхийн зуургүй идэж орхилоо. Тэд сүүлийн хоёр хоног хэлэн дээрээ хоол тавиагүй учраас маш их өлсөж, бас сульдаж ядарцгаасан байлаа. Ингээд торонд үлдсэн сүүлийн бууз руугаа нэг харан, хоёр бие рүүгээ нэг харан хэсэг зогслоо. Өлсөж ядарсан дүүгээ өрөвдөж хайрласан Мөнхжин

-          За за. Агаагийн дүү наадхаа ид дээ. Ах нь бараг цадчихлаа хэмээн хэллээ.

Харин Энхжин юу ч дуугаралгүй үлдсэн мантуун буузыг уутнаас нь гаргаж аваад дундуур нь яг тэнцүүхэн хоёр хуваагаад нэг талыг нь ах руугаа инээмсэглэн сарвайлаа. Мөнхжин үргэлж хайрыг нь булааж байдаг эгдүүтэй бяцхан дүүгийнхээ сарвайсан тал мантуун буузыг аваад хариугүй жоохон хазсан болоод дүүгээ өлсөхөөр нь оройн хоол болгож өгье гэж бодоод гялгар уут руу буцааж хийлээ. Үүнийг нь харсан Энхжин дүү нь Ах аа та яагаад буцаагаад хийчихэв ээ хэмээн өөрийг нь үргэлж халамжилж байдаг ах руугаа гайхан харлаа. Хариуд нь Мөнхжин өөрөөс нь хоёрхон насаар дүү хэрнээ хамаагүй жижигхэн биетэй харагдах дүүгийнхээ толгойг илээд Агаа нь цадчихсөөн. Миний дүү энэ үлдсэн тал буузыг орой идээрэй за хэмээн хэллээ. Гэтэл Энхжин гартаа барьсан тал буузыг мөн адил ахыгаа дуурайж уут руу буцааж хийгээд Ах аа тэгвэл хоёулаа маргааш өлсөхөөрөө хамт идье хэмээн хэлээд инээмсэглэлээ.

Мөнхжинг хоёр ой гарантай, Энхжинг хэдхэн сартай улаан нялзрай амьтан байхад нь аавтай нь цуг хог түүж амьдардаг байсан ээж нь зуурдаар нас барсан юм. Аав нь хоёр хүүхдээ дагуулан ууланд гарч самар түүн, улаан нялзрай хөвгүүдээ самраар хооллон өсгөжээ. Ээжийнхээ ангир уургийг хоёр ой гартлаа амалсан Мөнхжин хүү хэдий самар идэж өссөн ч биеийн өсөлт бойжилт нь хэвийн явагдаж, айлын хүүхдүүдийн адил насандаа харагддаг бол хар цайгаар угжуулж, самраар бор хоолонд орсон хөөрхий Энхжин дүү нь хоёр нас хүртлээ боргоцойноос өөр хоол идэж үзээгүй амьтан юм болохоороо тэжээлийн дутагдалтай. Дээр нь бас оюун ухааны хомсдолтой, хариугүй давжаа биетэй болчихсон юм л даа. Сав л хийвэл Аав аа, ах аа би ядраад байна гэж хэлээд гудамжинд ч хамаагүй хажуулдаж хэвтээд унтаад өгдөг энэ бяцхан амьтныг өрөвдөж хайрлах хүн аав, ах хоёроос нь өөр энэ орчлонд үгүй. Зун болж самар, жимс гарахлаар аав нь хоёр хүүхдээ орхиод ой мод руу гарч явчих тул ах дүү хоёр аавын үлдээсэн самар жимсхэнийг зарж мөнгөнийхөө талыг цааш нь хийгээд үлсэн талаар нь гол зогоосон болно. Учир нь тэд аавтай нь цуг самар түүдэг Цогоо хэмээх залуугийн хуучин таван ханатай гэрийг таван зуун мянган төгрөгөөр худалдаж авахын тулд мөнгөө цуглуулж байгаа ухаантай. Цогоо хэрвээ хуучин гэрийг нь худалдаад авчих юм бол аав хөвгүүдийг хашаандаа нөгөө гэрээ бариад амьдрахыг нь зөвшөөрсөн учраас тэр шүү дээ. Өвлийн улиралд орц хонгил хэсч явалгүй, өөрийн гэсэн гэр оронтой болоод авбал амьдрал ёстой подхийгээд явчих нь тэр. Өлсөж, даарахын зовлонг яс махандаа тултал амсаж өссөн балчир хоёр хөвгүүн хагас сая төгрөгний төлөө идэх хоолоо хасан, хар нялхаасаа идэж өссөн самар жимсхэнээр хоол хийж, гүрийн байж өдөр хоногийг өнгөрүүлж байгаа нь ийм учиртай. Нэг юм уу хоёр хоноод иддэг мантуун бууз бол энэ хоёр нялх амьтны хувьд Алтай Барбекюд хооллосонтой эн тэнцэх зүйл.

Туул голын бургасан дунд голын усргал ширтэн хэвтэцгээх ах дүү хоёр гартаа нэг нэг боргоцой барьжээ. Хажуудаа уутанд хийсэн хоёр ширхэг тал мантуун бууз, мөн пепсиний саванд хийсэн голын ус тавьсан харагдана.

-          Мөнхжин  ах аа та самраа бүгдий нь цөмөөд дуусчихсан уу хэмээн дүүгээ асуухад ах нь дүүгийнхээ толгойг илээд

 

-          Бараг дуусчихлаа. Чинийх яасан гэлээ

 

-          Би аль хэзээний цөмөөд дуусчихсан. Ах аа хоёулаа өнөөдөр буузныхаа талыг нь идчихсэн юм чинь энэ үлдсэн буузаа өглөө идвэл яасан юм бэ

 

-          Харин л дээ. Тэгсэн ч яахав дээ. Тэгвэл хоёулаа одоо унтах уу

 

-          Тэгье ах аа

Ойн цоорхойд гуч дөнгөж шүргэж яваа болов уу гэмээр залуухан хосууд нэг нь овоо болсон, нөгөө нь өлгийтэй хоёр хүүхдээ тэврэн зугаална. Тэд улаан, шар өнгө алаглуулан ургасан олон цэцэгсээс тасдан авч хоёр хүүгийнхээ толгойд цэцгэн титэм сүлжиж өмсгөөд аз жаргалтайгаар инээлдэнэ. Тэгснээ өлгийтэй бяцхан хүү нь мөөмөө хайж хоол нэхэн уйлагнахад ээж нь бяцхан хүүгээ аавынх нь гараас авч сүү арвинтайг илтгэх том хөхөө аманд нь угжив. Бяцхан хөвүүн ээжийнхээ мөөмийг ханаж цадахыг мэдэхгүй мэт ховдоглон иднэ. Харин аав нь ахтай нь цуг голоос барьсан булуу цагаан загасыг гал дээр шаран амтархан идэж байна. Энэ үеэр тэр гэхийн тэмдэггүй хурц гэрэл асч эхэллээ. Тэр гэрлэн дотроос өвөрмөц дуу хоолой хосуудад хандан Нааш ирцгээ. Та дөрвийн мөрөөдөл яг энд биеллээ олох болно. Дөрвүүлээ нааш ирцгээ хэмээн урин дуудахад хосууд хөвгүүдээ тэврээд тэрхүү хурц гэрлийн өөдөөс алхаллаа. Тэднийг алхах тусам гэрэл тэдэн рүү улам ойртон ойртсоор хос залуусыг хоёр хүүхдийнх нь хамт өөртөө уусган шингээлээ.

Том таван ханатай гэр дотор өнөөх хос залуус хоёр хүүгийнхээ хамтаар таваг дүүрэн мантуун бууз амтархан идэж сууна. Ширээн дээр мантуун буузнаас гадна пепси ундааг өрж тавьсан харагдана.

-          Энхжээн агаагийн дүү сэрээрэй. Ямар их унтдаг юм бэ миний дүү. Хоёулаа эртхэн самраа аваад газар дөхье. Тэгэхгүй бол чи бид хоёрын самар зардаг газрыг өөр хүмүүс булаагаад авчихна. Одоо босоорой миний дүү

Ахыгаа ийн дуудахад нь нойрмоглон байж өндийж суусан Энхжин нүдээ хэд нухалж орчин тойрныг харснаа ахдаа хандан

-          Агаа би гоё зүүд зүүдэлсээн гэвэл ах нь

 

-          Тийм үү. Ямар зүүд юм бэ хэмээн чин сэтгэлээсээ сониучирхан асуулаа

 

-          Тэр яах вэ агаа. Миний зүүдэнд манай аавтай цуг нэг эмэгтэй хүн байнга зүүдлэгдэх юм. Юун эмэгтэй юм бол оо

 

-          Тэр чинь чи бид хоёрын бурхан болсон ээж байхгүй юу даа. Энхжээн ахын дүү юу зүүдэлсэн юм бэ. Ахдаа яриад өгчих тэгэх үү гэхэд өхөөрдөм хөөрхөн дүү нь яг л кино театрт шинэ кино үзчихээд түүнийгээ найзууддаа ярьж өгч байгаа хүүхэд шиг саяны зүүдээ эхнээс нь дуустал ярьж өгчихөөд таг дуугүй голын урсгал ширтэн бодлогошрон суух ахдаа хандаж

 

-          Агаа хоёулаа өнөөдөр хэдэн аяга самар зарж чадах юм бол айлын хүүхдүүдийн уугаад байдаг энэ ундаанаас ганцхан ширхэгийг ганц удаа авч ууж үзье тэгэх үү гээд голын ус хийсэн пепсиний сав руу заалаа.

Ах нь хариуд нь Тэгье хэмээн толгой дохилоо. Ингээд ах дүү хоёр тааран ууттай самраа дундаа хийн хоёр талаас нь дамжлаад хот орохоор алхаллаа. Тэднийг бургасан дундаас гарч ирэх үед голын эрэг дээр машинтай улсууд гэр бүлээрээ зугаалж байв. Хамгийн захын машин дотор суусан зургаа долоо орчим насны ах дүү хоёр тоглоомоо булаацалдан би чидээ тулж хоорондоо зодолдоно. Энхжин, Мөнхжин хоёр тэр ах дүү хоёрын хоорондоо үсдэлцэн зодолдохыг харж хэсэг зогссоноо самраа дамжилсаар цааш одлоо.

 

Зохиогч: Эгч, дүү хоёрын минь хүүхдүүд байнга шахуу хоорондоо зодолддог юм. Нэг харахад тоглоомоо. Нэг харахад идэж уух юмаа булаацалдаад зодолдож байгаа харагддаг. Бүр чин сэтгэлээсээ зодолддог гээч. Тэднийг хараад миний сэтгэлд орчин үеийн аав ээж нар үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхдээ тэдэнд бие биенээ хайрлах хайрын утга учрыг гүйцэд мэдрүүлж, оюун ухаанд нь суулгаж өгдөггүй юм байна гэсэн бодол төрдөг. Энэ өгүүллэг дээр гарч байгаа ах дүү хоёр шиг  өлсөж даарахын зовлон үзэлгүй эрх танхи өсч байгаа болохоороо  тэр байх даа. Уншигч та ч гэсэн юугаар ч дуталгүй элбэг хангалуун, эрх танхи өсч байгаа өөрийн хүүхдүүдээ энэ хоёр ах дүү хоёртой харьцуулаад нэг үзээрэй л дээ


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>