
“Амьдралын төлөөх тэмцэл хүнийг улам хатуужилтай болгодог. Хүн тавь, жаран нас дөхөөд ирэхээрээ хүчит шуургыг сөрөн зогсох хад мэт эрэлхэг харагддаг” гэсэн Андре Моройсийн хэлсэн үг байдаг. Залуу нас омголон цогтой, эрч хүчтэй хэдий ч аливааг урьдчилан харах, зорьсон үйлсийнхээ төлөө нугаршгүй байх чадвараар тэр бүрийд тулхтай байж чаддаггүй гэм байдаг нь нууц биш. Ард үлдсэн он жилүүдээ эргэцүүлээд сэтгэл ханамж авч бүрэн чадаагүй ч, өтөл нас хажууд иржээ гээд үлдсэн амьдралаа урсгалаар хайнга өнгөрүүлэх нь хамгийн том алдаа, харин ч өөрийгөө таньж мэдсэн энэ ухаарлын босгон дээрээс маргаашийг бүтээлчээр харж тэмцэж ялах нугаршгүй зорилгоор амжилтын эзэн болсон түүх энэ ертөнцөд олон. Ийм гэгээн сайхан түүхийн эзнийг бүсгүйчүүд та нартайгаа хуваалцъя.
1860 онд хорвоод мэндэлж, 1961 онд энэ амьдралын аянаас буцсан “эмэг эх Мозез” нэрээрээ олонд алдаршсан Анна Мари Робертсон ихэнхдээ ферм, хөдөөгийн аж амьдралтай холбоотой 1500 гаруй сайхан зураг урласан нэгэн. Хамгийн сонирхолтой нь энэ хайр татам хөгшин 80 нас хүртлээ гартаа бийр, будаг барьж үзээгүй гэдэг. Тэр гайхалтай зурагнуудын дөрөвний нэгээс илүүг нь 100 наснаасаа хойш зурсан гэвэл та нар итгэх үү?
Тэрбээр залуу насаа Нью-Йоркийн мужийн нэгэн фермэд хар ажил хийж өнгөрөөсөн байна. Тэнд Томас Мозез нэртэй өөр нэг ажилчинтай танилцан гэр бүл болцгоожээ. Тэд хэсэг хугацааны дараа Виржиниа мужид бяцхан ферм худалдан авч тэндээ суурьшсан байна. Энэ аз жаргалтай хос 10 хүүхдийн ээж аав болцгоожээ.
Хатагтай Мозез хатгамал хийх үнэнхүү дуртай байсан гэдэг. Гэвч өтөлж хөгшрөх тусам үе мөчний өвчний уршгаар хурууных нь уян хатан чанар алдагдаж хатгамал хийхэд хүндрэлтэй болжээ. 80 нас хүрснийхээ дараа хатгамлын урт зүү хэрэглэж чадахгүй болсноо ойлгож зургийн бийрийг харин илүү хялбархан хэрэглэж байгаагаа мэдэрчээ. Ийнхүү зураг сонирхон, өдөр өдрөөр хорхойсон дурлаж, хөдөөгийн амьдралын сэдэвт анхны зургуудаа Кембрижийн үзэсгэлэн худалдааны үеэр олонд дэлгэжээ. Жимс, жимсгэний чанамалын бодит мэт зургуудаараа шагнал хүртсэн хэдий ч эдгээр зургууд түүнд амжилт авчирсан сор бүтээлүүд нь бас л биш байж. Энэ бол зөвхөн түүний амжилтын дохио байсан байна. Нэг өдөр Нью-Йоркийн урлагийн бүтээлийн худалдаачин Кембриж алс хөдөөгийн тосгоноор өнгөрч явахдаа эмэг эх Мозезийн зургуудыг нэгэн мухлагт олж хараад гайхан биширчээ.
Энэ цагаас эмэг эх Мозезийн алдар олонд түгэж эхэлсэн байна. Насан өтөл боловч сэтгэл зүрхээрээ залуу энэ эмэгтэйн зургууд баярын мэндчилгээн дээр олон зуун мянган удаа хэвлэгдэж, Нью-Йоркийн урлагийн музейд тавигдаж байлаа. Тэрбээр 101 нас зооглотлоо олон гайхалтай зургуудаа бүтээж, онгод бадраах бүтээлүүдээрээ нас залуу олон хүнд үлгэр дууриалал үзүүлж чадсан юм.