Мэндлэх
Та өрөөнд орж ирэхдээ л эхлээд мэндлэх нь зөв. Ажил хэрэгч хүнд хэн нэгэнтэй мэндлэхдээ зүгээр л “Сайн байна уу” гэх нь хангалтгүй бөгөөд нэрээр нь дуудах хэрэгтэй. Хэрэв та сууж байгаа бол мэндлэх үедээ босч мэндлэх нь зөв.
Гар барих
Хэрэв та хэсэг хүн дээр очоод нэгэнтэй нь гар барьсан бол бусадтай нь ч мөн гар барих хэрэгтэй. Босгоны наана цаанаас, сууж буй хүний толгой дээгүүр дамналдуулан гар барих нь зохисгүй. Хармаандаа гараа хийсэн чигтээ нөгөө гараараа гар барьсны хэрэггүй. Эмэгтэй хүнтэй гар барих нь зөв үү? гэдэг бол бизнес ёс зүйн нэг чухал асуулт байдаг бөгөөд гар барих нь зөв юм.
Танилцах
Хэрэв таны эргэн тойронд танихгүй хүмүүс байгаа бол санаа зоволгүйгээр хэн нэг нь өөрийг чинь танилцуулахыг хүлээлгүй өөрийгөө танилцуулаарай. Хурал, хүлээн авалт зэрэг ажил хэргийн уулзалт дээр өөрийнхөө амжилт, эрх мэдлийн талаар тоочих нь зохимжгүй. Хийдэг ажил болон тухайн арга хэмжээнд оролцох болсон шалтгаанаа дурдахад хангалттай. Өөрийгөө танилцуулж чаддаг байхаас гадна бусдыг хооронд нь танилцуулж чаддаг байх хэрэгтэй.
Танд хэн нэгнийг танилцуулах үед нэрийг нь тогтоохыг хичээж, ярилцах явцдаа нэрээр нь дуудах нь зүйтэй. Хэрэв харилцагчийнхаа нэрийг мартчихвал түүнд тоомжиргүй хандсан мэт сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд “сүүлийн үед жоохон мартамхай болоод байгаа юм. Нэрээ дахиад хэлнэ үү” гэх мэтээр асууна.
Нэрийн хуудас
Нэрийн хуудас цэгцтэй товчхон байх нь чухал. Гаднын түншүүдтэй их харилцдаг хүмүүсийн хувьд нэрийн хуудсаа түншийнхээ хэл дээр хэвлүүлэхэд гэмгүй, ялангуяа энэ нь азид их үнэлэгддэг. Хэрэв таны тухай мэдээлэлд өөрчлөлт орсон бол нэрийн хуудсаа шинэчлэн дахин хэвлүүлэх хэрэгтэй. Нэрийн хуудсан дээрээ засч бичиж хэрхэвч болохгүй, засвартай юмуу үнгэрсэн хуудас хэрэглэх нь бүдүүлэг байдлыг илэрхийлдэг.
Ажил хэрэгч хүн 2 хэл дээр нэрийн хуудасны запастай явах нь зүйтэй. Харин 2 талыг нь 2 өөр хэлээр хэвлүүлсний хэрэггүй. Хэрэв таны уулзах гэсэн хүн өрөөндөө байгаагүй мөн та нэрийн хуудсаа үлдэе гэвэл тэр хүнээ хүндэтгэж байгаагийн тэмдэг болгож үлдээж буй хуудасныхаа баруун дээд өнцгийг бага зэрэг эргүүлэн нугалж болно. Ийнхүү тэмдэглэсэн нэрийн хуудсаа гуравдахь хүнээр дамжуулж өгөх нь олон улсад ажил хэргийн харилцаанд мөрдөгддөг дэлгэрмэл жаяг юм.
Уулзалтыг өндөрлөх
Танихгүй хүмүүсээс салахдаа хүн бүртэй биечлэн салах ёс гүйцэтгэх албагүй. Хэрэв хүлээн авалтаас эрт гарахаар болвол зөвхөн урьсан эзэдтэй нь л салах ёс хийгээрэй. Эс тэгвээс таны үйлдлийг бусад хүмүүс үдэшлэг өндөрлөж байгаагаар ойлгогдож магадгүй. Хэрэв яриа хэтэрхий удах гээд байвал харилцагчаа өөр хүнтэй танилцахыг санал болгоод хэн нэгэнтэй танилцуулан, уучлалт гуйгаад гарч явж болох юм.
Салах үйлдэл богинохон байх ёстой, жишээ нь уулзсан үеийнх шигээ гар барихад л болно. Уулзалтаа эелдэгээр өндөрлөөрэй, ингэхдээ “Тантай уулзах их сайхан байлаа” гэх мэт найрсаг үг хэрэглэнэ.
Биеийн хэл
Биеийн үйл хөдлөл, нүүр царайны байдал нь бодол санаа, зан төрхийн илэрхийлэл болдог. Жишээ нь: юм ярьж байхдаа хөлөө замбараагүй тавих, нуруугаа бөгтийлгөх, гараа кармаандаа хийх нь буруу юм. Зарим түгээмэл үйл хөдлөлийн утгыг тодорхойлсон байдаг. Нүүрэндээ юмуу үсэндээ байн байн хүрэх зэрэг нь сэтгэл санаа тогтворгүй байгаагийн шинж бөгөөд бусдын анхаарлыг сарниулдаг. Юм ярьж байхдаа янз бүрийн илүү хөдөлгөөн хийх нь онцгүй зүйл. Хөдөлгөөндөө хяналтгүй байснаас харицагчдаа сөрөг сэтгэгдэл төрүүлж болзошгүй.
Хүний хувийн орон зайд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй, тухайлбал та харилцагчтайгаа хэт ойр байж болохгүй. Өндөр дуугаар эсвэл шивнэсэн байдлаар ажил хэрэг ярилцдаггүй. Хэрэв харилцагч чинь алхам ухарвал та алхам урагшлах хэрэггүй, учир нь та түүний хувийн орчин зайд нэвтэрснийг танд ойлгуулах гэж ухарсан ч байж болно. Уулзалтын туршид цагаа байн байн харсны хэрэггүй, учир нь та яриандаа төвөгшөөж холдох гэж яараад байгаа юм шиг сэтгэгдлийг бусдад төрүүлнэ. Мөн хөлөө ачиж суусны хэрэггүй.
Хэлэлцээр хийх
Хэлэлцээр хийхийн өмнө бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцвэл зохих асуудлуудын танилцуулга зэргийг бэлдэн түншүүдээ хэлэлцээр хийхээс 2 долоо хоногийн өмнө урих нь зүйтэй, учир нь тэд ч бас хэлэлцээртээ бэлтгэж амжих цаг гарна. Ингэснээр хэлэлцээрийн цаг хугацааг хэмнэж, үйл явдлын үр дүн сайн байх нөхцөл бүрдэнэ. Хэлэлцээр хийх газрыг урьж байгаа тал сонгож шийддэг, гэхдээ уригдаж буй тал ч бас энэ асуудлаар саналаа мэдэгдэх буюу зөвшөөрөх, татгалзах эрхтэй. Хэлэлцээрийг өглөө эрт юмуу эсвэл орой хийх нь зохисгүй.
Олон оролцогчтой байхаар үед нэрийг нь бичсэн картуудыг ширээн дээр тавьсан байх шаардлагатай. Талууд урд урдаасаа харж, оролцогчид албан тушаалынхаа эрэмбээр өөд өөдөөсөө харан суусан байх ёстой. Хүлээн авч байгаа талын төлөөлөгчид үүд рүү харсан байрлалтай суудаг. Түүнчлэн хэлэлцээрт тэдний үүрэг, эрх юу болохыг дурдах хэрэгтэй. Хэрэв гаднын төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх бол ямар хэл дээр хэлэлцээр явахыг урьдчилан тохиролцсон байх ба орчуулгын техник хэрэгслээр хангасан байна. Хэлэлцээрийн төгсгөлд тэмдэглэлийг эмхлэн янзалж, урьдчилан батлагдсан төлөвлөгөөг хавсаргасан байна. Уулзалт үргэлжлэх зохимжтой хугацаа нь 2 цаг. Хэрэв та оролцогчдод бэлэг бэлтгэсэн бол хэлэлцээрийн дараа гардуулж өгдөг.
Түншүүдээ хүлээн авах
Хүлээн авч буй талын ахлагч нь зочдыг айлчлалын туршид нь дагалдахгүй байж болно. Хэрэв зочин гэргийн хамт ирвэл хүлээн авч буй талын ахлагч нь эхний уулзалт дээр мөн гэргийн хамт оролцоно гэсэн бичигдээгүй дүрэм ч бас байдаг. Зочдыг зочид буудалд хүргэчихээд гудамжинд биш, буудлын угтах танхимд түүнтэй салах ёслол хийдэг.
Утсаар ярих
Ажил хэргийн асуудлаар утсаар ярихаар бол ажлын цагаар буюу 09-18 цагийн хооронд ярьж байх хэрэгтэй. Ярианыхаа сүүлд харилцагчаасаа зав цагийг нь гарзадлаа гэж уучлалт гуйх хэрэггүй, харин түүний ажлынх нь талаар ярих боломж олдсонд талархснаа хэлээрэй. Эзнийх нь зөвшөөрөлгүйгээр гар утасны дугаарыг бусдад дамжуулах хэрэггүй.