Хувцаслалт бол зүгээр нэг хувцас өмсөхөөс огт өөр зүйл. Зохилдлогоог нь хэрхэн олж яаж өмсөхөөс шалтгаалаад энгийн амьдралаас урлаг болтлоо хөгжсөн салбар билээ. 19-р зуунд л хамгийн анхны загварын ордон бий болж байсан гээд бодохоор нилээд сүүлд мэт санагдаж байгаа ч үнэндээ эрт дээр үеэс л хүмүүс гадаад үзэмжиндээ анхаардаг байсан нь хувьсаж өөрчлөгдөн сайжирсаар ирсэн хувцас загвар харуулах болно.
1. 1100 – аад оны үеийн хувцас загварын “донтолт” бол том ханцуй, юүдэнтэй нөмрөг байв. Том дэгжин ханцуйгаар тухайн үеийн нийгмийн байр суурь нь тодорхойлогддог байсан бөгөөд томрох тусмаа баян чинээлэг, өндөр хэргэм зэрэгтэй байж.
2. 1200 –аад оны үед хүмүүс хувцас загварыг хийцээс илүү өнгө үзэмжинд анхаардаг болсон байна. Тод хөх өнгө бол тухайн үеийн хамгийн загварлаг өнгө байсан.
3. 1300 – аад оны үеэс эрэгтэй эмэгтэй хувцсууд мэдэгдэхүйц ялгаатай болж эмэгтэй хувцасны энгэр цээж товойн, торон материал, товч зэргийг өргөн хэрэглэх болсон байна.
4. 1400 он. Малгай, толгойн чимэглэл тухайн үеийн хувцас загварыг илэрхийлж байсан бөгөөд энэ үеэс эхлэн 20-р зууны эхэн хүртэл малгай бол хувцаслалтын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн.
5. 1500 -аад он. Харин энэ үед бүсгүйчүүдийн даашинз бөмбөгөр хормойтой болж, эмэгтэй хүний биеийн чухал хэсгүүдийг тодотгож өгөхөд анхаардаг болсон байна.
6. 1600 он. Английн I Элизабет хатны хувцаслалтыг санаж байна уу? Цав цагаанаар нүүрээ будаж, үсээ цэвэрхэн чамбай янзлаад маш их чимэглэлтэй, том даашинзтай байдаг даа.
7. 1700 – аад оны үед бүсгүйчүүдийн хувцас мөр, энгэр хэсгийг ил гаргадаг болж, эрвээхийн чимэглэлийг маш ихээр хэрэглэдэг болсон ба үсний том засалт моод болж байв.
8. 1800 оны эхээр Францын хувьсгалын дараа хүмүүс хувцас загварт нөлөөлх францын нөлөөг үл тоож өмнөхөөсөө огт өөр энгийн хувцасладаг болов. Бөмбөгөр мөр, задгайдуу энгэр, хөхнөөс доош шулуун загварын даашинзыг бүсгүйчүүд өмсдөг болов. Гэвч тус зууны дундуур бөмбөгөр хормой ахин ноёлж, торон оруулга, цацаг, эрвээхийн чимэглэл, малгай бүсгүйчүүдийн үнэнч хань болж байв.
9. 1900 – 1910 он буюу 20-р зуун эхлэхэд өмсөхөд хэцүү, олон дэг жаягтай бөмбөгөр хормой үеэ өнгөрөөж биед эвтэйхэн урт хормой эрчийг авав. Шинэ зуун гарч, хувцас загварт ч гэсэн эргэлтийн үе эхэлж байсан юм. Харин бүсгүй хүний гоо сайхныг хэзээд тодготгодог бариу энгэр, ганган малгай, давхар хормой байсаар л байсан.
10. 1910 – 1920 оны үед бүсгүйчүүд спорт, урлагаар хичээллэх нь огцом өсч идэвхитэй амьдрах болсноор хүнд, бариу корсетоо тайлж, богино үс засалтуудыг туршиж үзэх болсон байна. Үүнд хатагтай Коко Шанелийн нөлөө их байсан. Тэрээр хувцас загварын түүхэнд томоохон эргэлт хийж бүсгүйчүүдэд эрх чөлөө олгосон ноосон хослолоо танилцуулан түүнээс нь санаа авсан олон төрлийн даашинзуудаар бүсгүйчүүд гангарах болжээ.
11. 1920-1930 оны үе буюу Жазз хөгжим ид бүтээгдэж байсан үед “Агуу Гэтсби” кинон дээр гардаг урт, богино бага зэрэг томдсон эрэгтэйлэг дөрвөлжин загваруудаас гадна үсний даруулга, жижиг малгай, торон эдлэл, урт бээлий, сувдан чимэглэлүүд трэнд болж байлаа.
12. 1930 – 1945 онуудад хормой бэлхүүнээс эхлэн дэрвийж өвдөгний доогуур ирэв. Жижигхэн бээлий, бэлхүүс рүү нарийссан хослол даашинз, цуван даашинзууд энд тэндгүй харагдах болов.
13. 1945 – 1960 оны үеийн хамгийн гол нүүр царай бол урт харандаан бошинз, пигалийн эхлэл болсон өндөр өсгийтүүд, хоёр эгнээ товчтой таальтай пальто, полька хээтэй усны хувцас, пин ап үс засалтууд ид хүчээ авч байсан юм. Дэлхийн 2-р дайнтай холбоотой бага зэрэг цэрэг маягийн оруулгууд орсон гэхэд болно.
14. 1960 -1970 онуудад хурц өнгийн трико, оймсон түрийтэй өсгийгүй гутал, трапец хэлбэрийн даашинз, өмднүүд хүчээ авч эхлэв. Тод өнгийн товчин болон том хэмжээтэй ээмэг, том хөвсгөр үс, нүдний тод будалт, цулгай өнгийн хувцсууд зэргийг төсөөлхөөр санаанд чинь бууж байна уу?
15. 1970-1980 оны хувцас загварын гол шинж чанар бол трапец хэлбэр. Өмд, даашинз, бошинз тэр ч битгий хэл гутлын өсгий хүртэл трапец байсан. Том ээмэг, сэгсгэр үс, тод өнгийн хувцаслалт, өргөн мөр, зузаан ултай гутлууд, сул жилет, жинс гээд л.
16. 1980-1990 онуудыг тод цулгүй өнгийн хувцас, хөлний гидр, мөрний өндөрлөгөө, босгосон үс, савхин хүрэм, шовх хоншоортой өсгийтүүд тодорхойлно. Энэ үед юу ч хэтэрхий ганган, гял цял санагддаггүй байсан байх. Тэр тусмаа л трэнди. Мадонна, Уйтни Хьюстон нарыг сана л даа.
17. 1990 – 2000 онд жинсэн өмд, хүрмүүд жинхэнэ төрхөө олсон гэж хэлэхэд болно. Өргөн нарийн, урт богино, мөрөвчтэй мөрөвчгүй, цэнхэр, хөх, уранхай гээд л янз бүр. Томдсон мэт савхин хүрэм, шоо хээтэй цамц, бошинзууд трэнд болж өндөр суудалтай өргөвтөр жинсэн өмд эрчээ авч байсан үе. Backstreet Boys, Spice Girls гээд л охип залуусыг шууруулдаг байсан шүү, тэ?
18. 2000- 2010 оны загварууд хамгийн ойр сонсогдож байгаа байх. Харин хэдхэн жилийн өмнө бид юу өмсдөг байсан бол? Трапец хэлбэртэй жинс скинни эсвэл бүр өргөн болж, макси даашинзыг өдөр тутамдаа өмсч, жинсэн шорт дээр доор аль аль талаасаа богиносож, өргөн бүс, жампсүйт, хүйсээ гаргасан жижиг куртка өмсч, пальто гадуур хувцсууд улам эмэгтэйлэг нарийн болж ирсэн. Ерээд оны эхэнд өмдний суудал богиноссон ч 2000 оноос жинхнээсээ хэрэглээнд орж эхэлсэн юм.