АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ирэх хавар болох охиныхоо төгсгөлийн баярт үг хэлэхээс татгалзжээ. Ноён Ерөнхийлөгч том охиныхоо ахлах сургуулийн төгсөлтийн баярт оролцох боловч төгсөгчдийн өмнө үг хэлэхээс татгалзсан нь уйлахгүй гэснийх ажээ. Б.Обама Малиа охиныхоо ахлах сургуулиа төгсөх баярт мөчийг хуваалцахдаа тэсгэлгүй нулимс унагана гэдгээ мэдэж буй бөгөөд индэр дээрээс сэтгэл хөдлөлөө харуулахын оронд үзэгчдийн дунд суугаад нулимсаа чимээгүйхэн арчихыг илүүд үзэж байгаагаа санал тавьсан сургуулийн удирдлагад тайлбарлажээ.
Ерөнхийлөгчийн том охин Малиа Обама энэ хавар 17 насандаа ахлах сургуулиа төгсөнө. Ирэх намар их сургуульд элсэн орох тэрээр одоо Вашингтоны “Сидвелийн нөхөд” хэмээх 37 мянган ам.долларын төлбөртэй хувийн сургуульд суралцдаг юм. Малиа Обама Нью-Йорк дахь Нью-Йоркийн их сургууль болон Барнардын коллежийн аль нэгийг нь сонгон суралцаж, цаашдаа киноны хүн болохоор төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: Dailymail
Б.Сэвжидмаа